Украинд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байна
- 2014-09-09
- Дэлхий
- 0
Беларусийн Минск хотноо Украины зүүн хэсэгт болж буй мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцсэн Гурван талт хэлэлцээрийн явцад талууд баасан гаригт тохиролцоонд хүрчээ. Талууд “Ерөнхийлөгч П.Порошенкогийн Энхийн санал болон Оросын Ерөнхийлөгч В.Путиний санаачилгыг хэрэгжүүлэх хамтарсан алхмуудын талаар гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн тухай протокол” нэртэй баримт бичиг баталсан байна. Уг баримт бичигт нийт 12 зүйл орсон тухай мэдээлсэн ч тухайн үед тодорхой заалтуудыг олон нийтэд дэлгээгүй юм. Баримт бичгийн оршилд “Минск хотноо 2014 оны есдүгээр сарын 1-ний өдөр хамтарсан хэлэлцээрийн явцад гарсан саналуудыг хэлэлцсэний үр дүнд Украин, ОХУ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ оролцсон Гурван талт хэлэлцээрийн багаас доорх алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар ойлголцолд хүрлээ” гэжээ. Уг гэрээнд гал зогсоох, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх, харилцан ойлголцох хэлэлцээрийн үйл явцыг эхлүүлэх, хүчээр саатуулж буй иргэдийг суллах зэрэг үндсэн заалтууд орсон байна. Үүнээс гадна Украины хууль тогтоомжийн хүрээнд Донецк, Луганск мужид онцгой статус олгох, үүний тулд тус улсын парламент Дээд Рад зохих хууль батлан орон нутгийн сонгууль зарлах, ОХУ болон Украины хилийн бүс дэх нөхцөл байдалд ЕАБХАБ-ын тусгай багаас хяналт тавих, байлдааны ажиллагаанд оролцогсдыг өршөөх, хэлэлцээрт оролцогсдын аюулгүй байдлыг хангах зэрэг заалтууд орсон аж. Гэрээний 10 дугаар зүйлд хууль бус зэвсэглэсэн байгууллага, цэргийн техник, зэвсэгт дайчид, хөлсний этгээдүүдийг Украины нутгаас гаргах тухай заалт оржээ. Уг протоколд ЕАБХАБ-ын элчин сайд Хайди Тальявини, Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучма болон тусгаар тогтносон Бүгд найрамдах улс хэмээн тунхагласан мужуудын төлөөлөгчид болох Александр Захарченко, Игорь Плотницкий нар гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар өнгөрсөн бямба гаригт утсаар ярилцаж, хоёр тал гал зогсоох хэлэлцээрийг биелүүлж байгаад сэтгэл ханамжтай байгаа тухай илэрхийлжээ. Ерөнхийлөгч нар гал зогсоох тухай хэлэлцээр үйлчилж эхэлснээс хойш нэг хоногийн дараа энэ тухай мэдэгдэл нийтэлсэн. Түүнчлэн хоёр тал байлдааны бүсэд буй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай асуудлыг хэлэлцжээ. Украины зүүн хэсэгт өрнөсөн байлдааны ажиллагааны явцад нийт 2600 гаруй хүн амь насаа алдсанаас 837 нь Украины цэргийн албан хаагчид болохыг албан ёсны тоо баримтуудад тусгажээ. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон эхний өдөр талууд гал зогсоох тухай нөхцөлийг сайн биелүүлж байсан боловч ням гаригт шилжих шөнөөс эхлэн талууд гэрээг зөрчин гал нээж байгаад нэгнээ буруутгах болж. Ажиглагчдын үзэж байгаагаар хоёр тал гал зогсоох гэрээг удаан хэрэгжүүлж чадахгүй аж. Өмнө нь Европын холбооны удирдлага Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдээ даваа гаригт зарлана гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Б.Обама Уэльсэд болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Украины зүүн хэсэгт байлдаан зогсч, удаан хугацаанд энх тайван тогтсон тохиолдолд Оросын эсрэг хоригийг цуцална гэдгээ мэдэгджээ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)