Орос улс ШХАБ-д даргалахын өмнө

АЮУЛГҮЙ, ТОГТВОРТОЙ БАЙДЛААР ДАМЖИН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ХҮРЭХ НЬ Душанбе хотод есдүгээр сарын 11-12-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалт болно. Тус чуулганд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан улсын удирдагч, ажиглагч орнуудын тэргүүн, өндөр хэмжээний төлөөлөгч, чуулгын зочид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. ШХАБ нь нэр хүндтэй нэгдэл болсон төдийгүй дэлхийн байгуулалтын олон төвт цоо шинэ системийг бүрдүүлэгч нөлөө бүхий хүчин зүйл болж чадсан билээ. Байгууллагын үйл ажиллагаа нь гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд мэдэгдэхүйц үр дүн авчирч чадсан юм. Үүнийг дагаад дэлхий болоод бүс нутагт гарах үйл явдалд ШХАБ-ын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж улмаар олон улс гүрэн, олон улсын байгууллагуудын зүгээс түүнд хандах сонирхол өсөн нэмэгдэж байна. Пакистан, Энэтхэг, Иран зэрэг улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ гаргасан бол ажиглагчийн статус олгох буюу харилцааны түнш болгохыг хүссэн улсын тоо нэмэгдсээр байна Уг нэгдлийн хөгжлийн амжилт, өөрт татах байдал нь чухам юунд байгаа юм бэ гэж олонтаа асуудаг. Гэтэл үүнд өгөх хариу тун энгийн юм. Энэ нь НҮБ-ын Дүрэм, эрх тэгш, бие биеэ харилцан хүндэтгэх, ашиг сонирхлыг харгалзан үзэх, аливаа зөрчилдөөн, маргааныг улс төр, дипломат замаар шийдвэрлэх, хөгжлийн өөрийн загварыг сонгох тухайн улсын эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг олон улсын эрх зүйн суурь хэм хэмжээг тууштай баримтлахад оршино. Энэхүү зарчмууд нь олон улсын орчин үеийн харилцааны тогтвортой, ардчилсан шинж байдлыг хангах зорилтод яв цав нийцдэг юм. Тийм ч учраас ШХАБ нь өнгөрсөн эрин үеэс уламжлагдан ирсэн үлэмж бүдүүлэг, хоцрогдсон, эвслийн харгис сахилга батад тулгуурласан бүтцээс татгалзаж, улмаарXXI зууны бодит байдал, эрэл хэрэгцээнд бүрнээ нийцэж байгаа юм. Душанбе хотод болох чуулга дуусмагц ШХАБ-д Оросын даргалах үе эхлэх бөгөөд түүний явцад өнөөдрийн олон улсын төвөгтэй нөхцөл байдалд нийцүүлэн байгууллагынхаа үр нөлөөг цаашид нэмэгдүүлэх, бүс нутаг болон дэлхийд болж байгаа үйл явдалд тохирох хандлага, сонирхлыг хангахад хүчээ нэгтгэх явдалд анхаарлаа төвлөрүүлэх юм. Дэлхийд гарч байгаа ерөнхий өдөөлтөд өгөх хариуг эрэлхийлсэн харилцан зөвшилцсөн хандлагууд нь2015 онд Уфа хотноо болох төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлхээр оруулах ШХАБ-ын2025 он хүртэл баримтлах хөгжлийн үзэл баримтлалд тусгалаа олсон юм. Энэхүү баримт бичиг нь ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагаанд төдийгүй тэргүүлэх олон талт бүтэц, юуны өмнө НҮБ, түүний тусгай байгууллагуудтай хамтран ажиллах хүрээг тэлэх явцад нэмэлт түлхэц өгөх зорилготой юм. Мөн түүнд Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоо тогтоохыг тусгасан юм. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах явдал ШХАБ-ын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно. Юу юуны өмнө шийдвэрлэх асуудалд Афганистаны байдал үлэмж доройтож байгаа нөхцөлийг харгалзан алан хядах ажиллагаа, хэт даврах үзэл, мансууруулах бодисын хууль бус арилжааны эсрэг хамтран тэмцэх боломжийг нэмэгдүүлэх асуудал орно. Энд ШХАБ-ын алан хядах ажиллагааны эсрэг бүс нутгийн байгууллагын нөөц бололцоог бэхжүүлэх, Мансууруулах бодисын арилжааны эсрэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх бэлтгэл сургууль зэрэг орно. Наймдугаар сарын 24-29-нд Хятад Улсад болсон ШХАБ-ын“Энх тайванч үйлс” ээлжит сургууль нь гарч болзошгүй аюулд хариу өгөх гишүүн орнуудын бэлтгэл сайн байгааг харуулан нотлов. Мэдээж байгууллагын үйл ажиллагаа нь цэрэг улс төрийн холбоо эвсэл байгуулах зорилго агуулаагүй юм. Гэхдээ гишүүн орнуудын ашиг сонирхлын эсрэг хууль бус үйлдлийг гаргуулахгүй байх явдал бол түүний суурь зарчмын нэг байна. Орчин үеийн өдөөлтүүд иж бүрэн, харилцан уялдаа бүхий шинжтэй болохыг ухамсарлан Оросын даргалалтын үед ШХАБ-д эдийн засаг, санхүү, эрчим хүч, хоол хүнсний аюулгүй байдлын хүрээнд харилцан зохицуулсан алхам хийхийг эрмэлзэх болно. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал хэвээр байгаа, хямралын эрсдэл давтагдах аюул байсаар байгаа нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна. Үндэсний валютаар хийх тооцоог өргөн нэвтрүүлэх арга хэмжээг төлөвлөж байна. Тээвэр, эрчим хүч, шинжлэх ухаан, техник, хөдөө аж ахуйн салбар, сансрыг энхийн зорилгоор ашиглах зэрэгт олон талт томоохон төслүүдийг эхлүүлэх хэтийн нааштай төлөв харагдаж байна. Төслийн үйл ажиллагааны санхүүжилтийн зохистой моделийг тодорхойлох шаардлага тулгарч байна. ШХАБ-д байгуулсан Ажил хэрэгч зөвлөл, Банк хоорондын нэгдэл, Эрчим хүчний клуб зэрэг нь ажил хэргийн харилцааг өргөтгөх боломжийг олгож байна. Шинжлэх ухаан, боловсрол, соёл хүмүүнлэгийн орон зай идэвхтэй бүрэлдэж байна. ШХАБ-ын сүлжээний их сургуулийг хөгжүүлэх, мэдээллийн хамтын ажиллагааны институцийг хангах ажил үргэлжилсээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын70 жилийн ойг хамт тэмдэглэснээр бидний түүхийн ой сэтгэмжийг хадгалах таларх гишүүн орнуудын хандлага, харилцан итгэлцлийг бодит байдлаар харуулж чадна. Үүнд, ШХАБ-ын Залуучуудын зөвлөл, чуулгын боломжийг өргөн ашиглах юм. Душанбе хотод болох чуулган дээр ШХАБ-д шинээр гишүүн элсүүлэх эрх зүй, захиргаа, санхүүгийн нөхцөлийг эцэслэн бүрдүүлэх шийдвэрийг гаргах болно. Үүнтэй зэрэгцэн бид ажиглагч улс орон, харилцааны түншүүдтэй хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдалд дэмжлэг үзүүлэх болно. Түншүүдийн нягт хамтын ажиллагаа нь ШХАБ-ын дэвжин хөгжих, бүс нутгийн энх тайван, цэцэглэлтийг хангах явдалд шинэ түлхэц өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

 

С.Лавров

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)