Кубад тавьсан хоригийн нийт хохирол 116 тэрбум болжээ
- 2014-09-12
- Дэлхий
- 0
АНУ-ын эрх баригчдаас Куба улсын эсрэг 50 гаруй жилийн өмнө тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас учирсан нийт хохирлын хэмжээ 116.8 тэрбум ам.доллар болсон тухай Кубын Гадаад хэргийн сайд А.Морено мэдэгджээ. Түүнчлэн Кубын эрх баригчид энэ сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд тогтоолын төсөл танилцуулж, уг хориг арга хэмжээг цуцлуулах төлөвлөгөөтэй байгааг тэрбээр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын 6-ны өдөр уг хоригийн үйлчлэх хугацааг дахин нэг жилээр сунгасан юм. АНУ-ын эрх баригчид анх 1961 онд Кубын эсрэг эдийн засгийн хориг тавьжээ. Харин 1996 онд уг арга хэмжээг улам чангатгаж, Кубын эрх баригчдаас төрийн мэдэлд авсан АНУ-ын өмчийг ашиглан орлого олсон гадаадын компаниудын эсрэг заалт баталсан байна. Б.Обама тэргүүтэй АНУ-ын төр засаг анхнаасаа Кубын эсрэг хориг арга хэмжээг сулруулах бодлого баримталж ирсэн. Тухайлбал, 2009 онд Вашингтоны эрх баригчид америкчуудыг Куба руу аялах, тус арал руу мөнгөн шилжүүлэг хийхэд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгосон аж. Түүнчлэн төрөл төрөгсөд нь АНУ-д оршин суудаг ба төлбөрийг нь даана гэсэн болзолтойгоор Кубын иргэдэд үйлчилгээ үзүүлэхийг америкийн компаниудад зөвшөөрчээ. АНУ-ын эрх баригчид Кубын талыг ямар нэг болзол тавилгүй улс төрийн бүх хоригдлыг суллаж, иргэдийнхээ үндсэн эрхийг эдлүүлэхийг шаарддаг байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)