Чилид цуврал дэлбэрэлт боллоо
- 2014-09-13
- Дэлхий
- 0
Чилид өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн газарт нийт гурван удаагийн дэлбэрэлт болжээ. Сүүлд болсон хоёр дэлбэрэлт нийслэл Сантьяго хотоос125 км зайд орших Винья-дель-Мар хотын нэгэн супермаркет болон худалдааны төвд болж, хоёр хүн шархадсан байна. Дэлбэрэх төхөөрөмж нь хуванцар лонхонд хийсэн тэсрэх бодис, төмөр эд зүйлс болон давсны хүчлээс бүтсэн байж. Харин өмнө нь нийслэл Сантьяго хотын метронд болсон дэлбэрэлтийн уршгаар14 хүн шархадсан. Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет энэ халдлагыг“Увайгүй алан хядах ажиллагаа” хэмээн мэдэгдэж, цэргийн дэглэмийн үед баталсан алан хядах үйл ажиллагаатай тэмцэх хуулийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уг хуулийн дагуу хууль сахиулах байгууллагынхан сэжигтнүүдэд ямар нэг хэрэг үүсгэхгүйгээр удаан хугацаагаар хорих, хэрэгт холбоотой гэж сэжиглэсэн хүмүүсийн утасны яриаг тусгай зөвшөөрөлгүйгээр чагнах зэрэг онцгой эрх эдэлдэг. Чилид болсон дэлбэрэлтүүдийн хариуцлагыг аль нэг байгууллага өөртөө аваагүй боловч тэдгээр нь сүүлийн үед нэлээд идэвхжээд буй анархист байгууллагуудын үйлдэл байх магадлалтай гэнэ. Тэдгээр байгууллагын гишүүд сүүлийн таван жилийн хугацаанд нийт100 орчим тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн байна. Тэд гол төлөв1973 оны есдүгээр сарын11-нд цэргийн эргэлт болсон ойн үеэр идэвхждэг. Чилийн эрх баригчид өмнө нь алан хядах ажиллагаатай тэмцэх тухай хуулиа өөрчлөхөөр төлөвлөж байжээ. Уг хууль нь өөрсдийн унаган нутгаа эргүүлэн авахын төлөө тэмцэж байгаа өмнөд мужуудын оршин суугчдад тохирохгүй байгаа юм. Өмнөд мужуудын уугуул иргэд болох мапуче үндэстний цөөнхийн төлөөлөгчид одоо томоохон газрын эзэд, үндэстэн дамнасан корпориациудын мэдэлд орсон өөрсдийн газар нутгийг эргүүлэн авахын төлөө тэмцдэг. Мапуче иргэд гол төлөв газар тариалан, мал аж ахуй эрхэлж, амьдардаг ба ядууралд ихээхэн автаж мөхөх аюулд өртөөд байгаа юм. Чилид1973 оны есдүгээр сарын11-нд цэргийн эргэлт болж, Пиночет төрийн эрхийг барих болсон. Уг төрийн эргэлтийг зохион байгуулахад АНУ-ын Тагнуулын төв газар дэмжлэг үзүүлсэн юм. Тухайн үед АНУ, Чилийн тэнгисийн цэргийн сургуулилтад оролцож байсан хуйвалдаанд оролцогсод эвслийн Засгийн газарт үнэнч хэдэн зуун цэрэг офицерийг буудан хороосноос эхэлсэн. Дараа нь булаан эзэлсэн хөлөг онгоцнуудаас Вальпараисо хот руу гал нээж, десант буулган Сантьяго хот руу дайрахаар бэлтгэж эхэлснээр хэрэг явдал эхэлж байжээ

Сэтгэгдэл (0)