Байден Грект цагаа олсон айлчлал хийв
- 2011-12-05
- Дэлхий
- 0
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байден өчигдөр Грект дэлхий дахины тулгамдсан
асуудал болоод буй тус улсыг эдийн засгийн хямралаас гаргах гарцыг
эрэлхийлэхээр хүрэлцэн ирсэн байна.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байден өчигдөр Грект дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй тус улсыг эдийн засгийн хямралаас гаргах гарцыг эрэлхийлэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр өнөөдөр түр засгийн газрын эрхийг барьж буй Ерөнхийлөгч Каролос Паполиас болон Ерөнхий Сайд Лукас Пападемос нартай уулзах ажээ.Түр засгийн газрын Ерөнхий Сайдаар Европын Төв Банкны Дэд Ерөнхийлөгч асан Пападемос ажиллаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй улсын өрийн хямралын асуудлыг авч хэлэлцэж, бололцоот санхүүгийн дэмжлэгийг шаардлагаатай зүйлст зарцуулахаар ажиллаж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Грекийн санхүүгийн хямралыг шийдэхийн ач холбогдлын талаар хэд хэдэн удаа онцолж байсан бөгөөд дэлхийн зах зээлд нөлөөлөх цаашдын сөрөг үр дагаврыг ч мөн дурьдаж байсан билээ.
Байден өнөөдөр Панхелленик Социалист Хөдөлгөөний удирдагч, Ерөнхий Сайд асан Жорж Папандреоутай уулзахаар төлөвлөсөн байна. Папандреоу өчигдөр CNN-д өгсөн ярилцлагандаа “ Энэ улсад хийгдэж буй тус өөрчлөлт, шинэчлэлтийн давалгаа ойрын 30, 40 жилд хийгдээгүй ажил болох болно” хэмээн ярьжээ. Эдийн засгийг эргэлтэнд оруулахад нэг алхмаар урагшиллаа гээд, улсын эдийн засагт дорвитой өөрчлөлт хийгдэх төлөв ажиглагдаж байна хэмээн нэмж хэлсэн байна.
Байдений дэлхий нийтэд улс төрийн болон нийгмийн эрх чөлөөг бий болгоход уриалж буй тус айлчлал Турк улсаар үргэлжлэх ажээ. Тэрээр Истанбул хотод болсон “Дэлхийн Бизнес Эрхлэгчдийн Чуулга уулзалт”-н дээр бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ санал санаачлага болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих явдлыг зорилгоо болгож ажиллана хэмээн ярьсан байна. Тэрээр мөн Ойрхи Дорнод болон Хойд Африкт хийгдэж буй уг өөрчлөлт, шинэчлэлтийн ажлууд тухайн газар нутагтаа шинэ, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Тунис, Египет, Ливт болсон, Сыр, Еэмэнд өрнөж буй ардчилсан хувьсгалын хөдөлгөөн тус салбарынхны хийж буй ажилд эерэгээр нөлөөлж буйг ч тэрээр мөн онцлоод, одоогийн түр засгийн газарт шинэ өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийхээ мэдэгдсэн байна. Авилгал хээл хахуул, эзэрхэг ёсыг халж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг хааж боогдуулж буй үйлдлүүдийг таслан зогсоохыг эрмэлзэж буйгаа мөн өгүүлжээ.
Байден өнөө орой Грекийн нийслэл Афин хотноо хийсэн уг айлчлалаа өндөрлөж, Вашингтон руугаа буцах ажээ.
www.UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)