Н.Саркози: Францын хямрал европыг бүхэлд нь сүйрүүлнэ

Францын Ерөнхийлөгч асан Н.Саркози дахин улс төрийн үйл хэрэгт оролцохоор болсноо өнгөрсөн ням гаригт“France 2” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ийм шийдвэр гаргах болсноо тэрбээр өөрийн нам болон эх оронд нь бий болсон онцгой нөхцөл байдал түүнд өөр сонголт олгосонгүй хэмээн тайлбарласан аж. Н.Саркози ярилцлагын үеэр одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландыг шүүмжлэхээс аль болохоор зайлсхийж байж. Гэсэн хэдий ч 2014 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр социалист намын нэр дэвшигч Ф.Олландыг худал хэлж байсан хэмээн зэмлэжээ. Энэ тухайд тэрбээр“Би худал хэлж байгаагүй” гээд одоогийн Ерөнхийлөгчийн амлалтуудаас“Худал үгийн гунигт жагсаалт л үлдсэн” хэмээсэн байна. Эцэст нь уг сонгуульд оролцохдоо алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Үүнийгээ Н.Саркози, “Эрч хүчээр бялхаж, итгэл үнэмшилдээ хэт их найдан улс төрд ганцаар амжилт олж болно гэж үзсэнээсээ болсон” гэж дүгнэсэн аж. Н.Саркози Францын иргэдийн дунд Герман орон, канцлер Ангела Меркель нарыг эрс шүүмжилж байгааг дэмждэггүй гэдгээ хэлжээ. Түүнчлэн2007-2012 онд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа Германы канцлерыг хэмнэлтийн хатуу бодлого явуулж байхад нь хүртэл нягт хамтран ажиллаж байснаа дурдсан аж. Гэсэн ч Францын Ерөнхийлөгч асан А.Меркелийн явуулж буй зардлыг танах бодлоготой санал нийлдэггүй ба тухайн үед еврогийн бүсэд эдийн засгийн өсөлт чухал байсан болохоос инфляцитай тэмцэх нь нэн тэргүүний зорилт биш байсан гэж дүгнэжээ. Ерөнхийлөгч асан“2008 онд дэлхийг хамарсан хямрал Францыг нөмөрсөн. Энэ бол1929 оноос хойш дэлхийд тохиогоогүй гүн хямрал байлаа” гэжээ. Түүнчлэн уг хямрал бүх улс орон, салбарыг хамарсныг дурдсан байна. Н.Саркози Францын эдийн засгийн өнөөгийн байдлыг“сүйрлийн” хэмээн тодорхойлж, харин2014 онд Францын хямрал Европыг дампууралд хүргэх магадлалтай гэж үзсэн байна. Н.Саркози2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ хэлээгүй боловч“Ардын хөдөлгөөний холбоо” намын амьдралд эрч хүч нэмэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Түүний энэ мэдэгдэл үнэн хэрэгтээ 2017 онд болох Ерөнхийлөгчийн кампанит ажлыг эхлүүллээ хэмээн олон хүн дүгнэжээ. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах тухай бодолгүй гэдгээ онцолсон аж. Одоогийн Ерөнхийлөгч Ф.Олландын нэр хүнд, дэмжлэг их буурснаас сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах тухай яриа түгэх болсон. Харин Н.Саркози ийм яриа гарах болсон нь байдал хэчнээн хүнд байгааг илтгэж байна гэж үзжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)