Эбола өвчний тархалт улам гаарна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ Либерид газар аваад буй Эбола өвчний тархалтыг хязгаарлахад туслах зорилготой тусгай хөтөлбөр зарласан тухай АНУ-ын “Wash-ington Post” сонинд өгүүлжээ. Либерийн иргэдийн дунд “Эболагийн үхлийн лагер” нэр авсан эдгээр тусгаарлах байранд халдвар авсан хүмүүсийг гэр бүлээс нь холдуулж, тусгаалахын зэрэгцэээ анхан шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ёстой аж. Албан ёсоор Орон нутаг дахь тусламж үзүүлэх төв хэмээх гоёмсог нэртэй эдгээр байранд иргэдийг шилжүүлэх ажил нь албадлагын шинжтэй байх ба тэнд очихыг зөвшөөрөхгүй бол баривчлан авч явахаар төлөвлөжээ. ДЭМБ-ын тайланд өгүүлснээр тус бүр нь 15-30 ортой 70 орчим хөл хорих байр байгуулж, эдгээрт нийт 1500 орчим өвчтөн хөл хорих гэнэ. Гэвч өвчний тархалтын тухай сүүлийн үеийн тоо мэдээллээс үзэхэд ирэх оны нэгдүгээр сар гэхэд халдвар авсан хүний тоо 550 мянгаас 1.4 сая хүрэх магадлалтай хэмээн АНУ-ын Халдварт өвчнийг хянах, сэргийлэх төвөөс /CDCP/ тооцоолсон аж. Үүнээс үзэхэд өвчтөний тоо хөл хорьж эмчлэх байрны багтаамжаас хэд арав дахин давах магадлалтай ажээ. Дээр нь АНУ-ын зэвсэгт хүчин энэ өвчинтэй тэмцэхэд туслах зорилгоор нэмж 1700 орчим өвчтөн байрлах эмнэлгийн түр байр байгуулахад туслахаар болжээ. Гэхдээ энэ нь өвчинтэй тэмцэхэд шаардлагатай бодит хэрэгцээтэй харьцуулахад өчүүхэн төдий юм. Баруун Африкийн бүс нутагт өдгөө албан ёсны тоогоор нийт 6000 орчим хүн Эболагийн халдвар авч, 2833 хүн нас барсан тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Үүнээс Либери улсад нийт 3000 орчим хүн халдвар авч, 1578 хүн нас барсанаас хамгийн хүнд нөхцөл бүрджээ. Гэтэл лабораторын аргаар тогтоосон өвчнөөр нас барсаны хүний тоо баримт нь бодит тоон ердөө 20 хувьд дөхөж очино хэмээн Хил хязгааргүй эмч нар байгууллагынхан үзжээ. Эболатай тэмцэхэд туслаж буй тус байгууллагынхны шинэ арга барил амжилт олно гэдэг эргэлзэж энэ ажилд оролцохгүй хэмээн шийдвэрлэсэн байна. Тухайлбал Хил хязгааргүй эмч нар байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал шинэ арга барил нөхцөл байдлыг улам дордуулна гэж үзжээ. Тэрбээр “Хүмүүсийг тусгаарлана гэдэг дэндүү их хариуцлага үүрсэн хэрэг ба маш их зохион байгуулалтын ажил шаардана. Гэтэл тэдгээр оронд тийм боломж байхгүй” гэж үзсэн байна. Тиймээс өвчнийг хянах, эмчлэх, ажлыг зохион байгуулах, оношлох, зохих мэдлэгтэй ажиллагсдаар хангах зэрэг шаардлагатай олон нөхцлийг хангаагүй тохиолдолд эсрэгээрээ “халдвар түгээх” төв болох магадлалтай гэж үзжээ. Эбола өвчнийг зогсоохын тул Либерид онцгой байдал зарлаж, өвчтөнүүдийг тусгай хорих газар байршуулж, албадан вакцинжуулахаас нааш амжилтад хүрэхгүй гэх гутранги үзэл бодит биеллээ олж байгаа бололтой. Учир нь эрүүл мэндийн тогтолцоо сайн хөгжөөгүй Африкийн буурай орнуудад уг өвчний улмаас нас барсан хүний тоог тэр бүр нарийн тооцох аргагүй ба хөдөө орон нутгийн удирдлагууд тэдгээрийн багахан хэсгийг бүртгэж чаддаг. Дээр нь хүн амын нятрал ихтэй Африкийн томоохон хотуудад энэ өвчний тархалтыг зогсоох боломж бага байна. Гэтэл ДЭМБ-аас Сьера-Леонед өвчтөнүүдийг илрүүлэх ажлын хүрээнд гарын саван тараах төдийхнөөр ажлаа хязгаарлажээ. Даанч уг вирус гарын саванд тэсвэртэй тул өвчнийг зогсоох бус ердөө олон нийтийн анхаарлын татах төдий арга хэмжээ юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)