Хоол хүнс хаясан өрхийг торгоно

Сиэтл хотын зөвлөлөөс хоол хүнсийг зохисгүй ашигласан тохиолдолд хувь хүн болон компаниудыг торгох шийдвэр гаргажээ. Шинэ дүрмийн дагуу хогийн савыг шалгах явцад доторх хогийн 10-аас дээш хувь нь дутуу хэрэглэсэн хоол хүнсний зүйл байвал нэг ам.доллараар торгох аж. Харин компани болон олон өрх бүхий орон сууцны байрны хувьд торгууль 50 ам.доллар байх гэнэ. Вашингтон мужид орших Сиэтл хот экологийн стандартын хувьд нэлээд өндөр шаардлага тавьдаг ба нийт хог хаягдлынхаа 56 хувийг дахин ашигладаг байна. Харин 2015 он гэхэд энэ үзүүлэлтийг 60 хувь хүргэх зорилт тавьжээ. Сиэтл хот нь Сан-Францискогийн дараа хувийн аж ахуй, компаниудыг хүнсний хог хаягдлаа заавал боловсруулж, бордоо болгохыг шаарддаг хоёр дахь хот болжээ. Үүний тулд аж ахуйнууд органик хог хаягдал болон хадсан өвсөө тусгай саванд байршуулж, задалснаар үржил шимтэй ялзмаг гарган авдаг байна. АНУ-ын байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн тайланд өгүүлснээр тус улсад нийт хоол хүнсний бүтээгдэхүүний 40 хувь огт хэрэглэгдэхгүйгээр хаягддаг. Харин уг хог хаягдлын ердөө таван хувийг ялзмаг болгон ашигладаг гэнэ. Сиэтл хотын захиргаа 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд сануулах хуудас бичиж, ирэх долдугаар сарын 1-нээс торгууль ногдуулж эхлэх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)