Ганцаардсан Жизель

Дэлхийн балетын урлагийн хатан хаан, Оросын бүжигчин Галина Уланова1910 оны нэгдүгээр сарын10-нд Санкт-Петербург хотод мэндэлжээ. Галинагийн эцэг эх нь Марийн театрын гоцлол бүжигчид болох Сергей Уланов, Мария Романова нар байв. Санкт-Петербург хотод тансаг харшид амьдардаг Галя охин хөвгүүдтэй тоглох дуртай ба тэнгисийн цэрэг болох мөрөөдөлтэй байжээ. Ээжийнхээ шаардлагаар балетын сургуульд элссэн Галина хичээлдээ дурамчхан явдаг байв. Мария Романова охиноо багын найз Агриппина Вагановад шавь оруулжээ. А.ВагановаXX зууны Оросын балетын дэг жаягийг үндэслэгч бөгөөд Санкт-Петербургийн балетын сургуулийг энэ бүжигчний нэрэмжит болгожээ. Галина есөн насандаа энэ аугаа бүжигчний шавь болсон ба“Галя бүжигчин болохгүй гэж зөрүүдлэн уйлж ухаан алдаж жүжиглэдэг охин байсан” гэж А.Ваганова хожим нь дурссан байдаг. Эцэг эх нь охиндоо“Хэрвээ балетын сургуулиа төгсвөл цэргийн сургуульд оруулна” гэсэн амлалт өгчээ. Гэвч1928 онд Галина Уланова сургуулиа төгсөхдөө балетын урлагт зүрх сэтгэлээ зориулахаар шийджээ. Төгсөлтийн үдэшлэгтээ“Шопениана” балетын Сильфидийн дүрийг туршлагатай, мэргэжлийн бүжигчин шиг бүтээж Марийн театрт ажиллах урилга авсан байна. Улмаар Санкт-Петербургийн их театрт тоглосон балетын гоцлол дүр бүрийг Уланова бүтээх болов. Тэрбээр“Хунт нуур”, “Бахчисарайн усан оргилуур”, “Жизель”, “Ромео, Жулетта хоёр”, “Шопениана”, “Үнсгэлжин” зэрэг балетын гол дүрд34 жил бүжиглэсэн юм. Яруу найрагч Борис Пастернак Улановад бичсэн захидалдаа“Та миний найргийн сахиусан тэнгэр. Мона Лиза минь таныг тайзан дээр бүжиглэх бүрт нулимс унагадаг” хэмээжээ. Галинад дурласан яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураачид сор болсон бүтээлээ зориулж Оросын урлагийн охин тэнгэр хэмээх алдрыг хүртжээ. ДэлхийнII дайны үед Марийн театрын уран бүтээлчдийг Пермь хотод шилжүүлсэн байна. Дайны жилүүдэд Уланова Пермийн балетын сургууль байгуулах ажилд оролцжээ. Дайны дараа И.Сталины зарлигаар Москвагийн их театрын гоцлол бүжигчин болсон аж. Тэрбээр“Балетын урлагт хөл тавьсан бол сэтгэл зүрхээ бас амьдралаа бүрэн зориулах ёстой. Жинхэнэ бүжигчин байхыг хүсвэл үр удмаа хүртэл золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Галина Уланова 1960 оны арванхоёрдугаар сарын29-нд Москвагийн их театрт сүүлчийн удаа бүжиглэсэн юм. Аугаа бүжигчин 50 настайдаа“Шопениана” балетын Сильфидийн дүрийг бүтээгээд нүдэндээ нулимстай их тайзнаас буужээ. Тэрбээр нэгэн насны амьдралаа балетын урлагт зориулсан юм. Насан эцэслэтлээ бүжгийн багшаар ажилласан ба Улановагийн шавь нар одоо ч их театрын тайзыг эзэгнэсээр байна. Галина Уланова амьдралынхаа жилүүдэд нэг ч дотны найзгүй байсан гэдэг. Их театрын тайзан гэрэлтэх үзэсгэлэнт бүсгүйн хөшигний ард өрнөх амьдрал ганцаардал, гунигаар дүүрэн байв. Түүний ээж Мария Романова нь Оросын сүүлчийн эзэн хаанII Николай Романовын ойрын хамаатан байжээ. Санкт-Петербургийн балетын сургуулийн багш хэмээх хүндэт алдар нь Марияг аймшигт хэлмэгдүүлэлтээс аварчээ. Гэсэн ч хэлмэгдүүлэлт, язгууртнуудыг үзэн ядах ардын сэтгэлгээ Галинаг хэн нэгэнд итгэх итгэлгүй болгосон юм. Тэрбээр гурван удаа нөхөрт гарсан ч удалгүй салдаг байв. Галина Уланова Татар гарал, хувийн амьдрал, алдар суугаараа Оросын яруу найргийн хатан хаан Анна Ахматоватай олон талаараа төстэй. Яг л хатан хаан шиг биеэ авч явах Улановад атаархсан театрын бүжигчин бүсгүйчүүд “Хүйтэн хямсгар” хэмээн нөхөрлөхөөс зайлсхийдэг байжээ. Зөвлөлтийн үеийн их театрын бүжигчид түүнийг хорлохын тулд шаахайд нь хагарсан шилний үүрмэг хийж байсан гэдэг. Мөн заналхийлсэн өнгө аястай захидал ч хүлээн авдаг байжээ. Хэдийгээр мэргэжил нэгт нөхөд нь бүсгүйг гадуурхдаг байсан ч ЗХУ-ын удирдагчид, жирийн иргэд Галина Уланова хэмээх бүжигчинг хүндэтгэн хайрладаг байв. Улсдаа үерхэх нөхөдгүй байсан ч Улановагийн авьяас билгийг төмөр хөшигний цаана ч шагшин биширч байлаа. ЗХУ-ын сонгодог урлагийг төлөөлөн хилийн чинадад тоглосон анхны уран бүтээлч бол Уланова юм. Тэрбээр 1956 онд Лондоны Хатан хааны “Ковент Гарден” театрт Жизель, Жулеттагийн дүрээ бүтээж олныг бишрүүлжээ. Москвагийн их театрын “Од” болон гялалзсан1944-1960 онд тайзны ард Улановатай театрын нэг ч бүжигчин мэндэлдэггүй байсан хэмээн хожим дурсчээ. Улановад балетын бүтээгээгүй дүр гэж үгүй бөгөөд Жизелийн дүрдээ хамгийн хайртай байсан гэдэг. Галинаг онигор нүдтэй, жижигхэн биетэй тийм ч царайлаг бүсгүй байгаагүй хэмээн ярьдаг. Тэрбээр хувийн амьдралаа үргэлж нууцалж, сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалздаг байв. Тийм ч учраас 17 насандаа нөхөрт гарсан шалтгаан, дараа дараагийн гэрлэлт нь юунаас болж бүтэлгүйтсэн, И.Сталинтай харилцаж байсан харилцаа зэрэг нь нууц хэвээр үлдсэн юм. Оросын балетын урлагийн хатан хаан Галина Уланова1998 оны гуравдугаар сарын21-нд88 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Москва хотын төвд орших Москвагийн их сургуулийн барилгатай төстэй өндөр байшинд амьдарч байсан юм. Үр хүүхэд, дотны хамаатан садан гэх хүнгүй Улановагийн эд хөрөнгийг өвлөх маргаан өрнөж эцэслэн шийдэгдээгүй байна. Марийн театрын1935 оны намрын нээлтэд И.Сталин хүрэлцэн иржээ. Тэр үдэш Уланова“Эсмеральда” балетын Дианагийн дүрийг бүтээжээ. Тайзан дээр бүжиглэх Галинаг харсан И.Сталин уулга алдан“Уланова бол сонгодог” хэмээн үнэлжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)