Туркт хөл хорионы цаг тогтоожээ

 Туркийн эрх баригчид курдүүдийг олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, эмх замбараагүй байдал гарснаас 14 хүн амь үрэгдсэний дараа хөл хорионы цаг тогтоожээ. Хөл хориог нутгийн нь зүүн өмнөд хэсэгт орших Диярбакыр, Мардин, Сиирт, Муш, Ван, Батма зэрэг мужид тогтоосон байна. “Эсэргүүцэгчид гудамж талбайг орхих ёстой. Тэгэхгүй бол нөхцөл байдал тааварлашгүй үр дүнд хүргэнэ. Хүчирхийлэл гарвал хариу арга хэмжээ авна” хэмээн Туркийн Дотоод хэргийн сайд Эфкан Ала өгүүлжээ. Курдүүд Туркийн эрх баригчдыг Сирийн нутагт болж буй үйл явдалд оролцохгүй гэсэн байр суурь баримталж буйг эсэргүүцэж байгаа юм. Туркт өнгөрсөн даваа гаригаас эхлэн жагсагчид дэлгүүрүүдийг түйвээж, цагдаа нарын өмнөөс чулуу, шатах шингэнтэй шил шидэж байсан юм. Харин цагдаа нар хариуд нь усан буу, нулимс асгаруулагч хий хэрэглэж байв. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч100 курд иргэн мягмар гаригт Брюссель дэх Европын парламентын байранд дайран орж, Европын холбоог “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай илүү идэвхтэй тэмцэхийг уриалсан юм. Түүнчлэн өмнөх өдөр нь курд гаралтай идэвхтнүүд Гааг хотноо Нидерландын парламентын байранд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Тэд парламентын байранд “Зүгээр суухаа больж, Кобани хотыг дэмж” гэсэн бичиг барин зогсчээ. Курдүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн нь исламын дайчид Туркийн хилийн ойролцоо Сирийн нутагт орших Кобани хотыг бүсэлсэнтэй холбоотой. Курдууд Европын орнууд, Туркийн зүгээс Сирийн нутагт цэргээ оруулж, “Исламын улс”-тай байлдахыг шаардаж байна. Кобани хотыг курдын өөртөө засах мужиийн төв гэж үздэг. Танк, артиллерээр дэмжүүлсэн“Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид энэ хотыг сүүлийн гурван долоо хоногийн турш довтолж байгаа юм. Хотыг хамгаалж буй курдууд олон улсын эвслээс хуурай замын цэргийн дэмжлэг хүсч, тэднийг агаараас бөмбөгдөж байгаа нь үр дүн муутай гэж үзсэн байна. Сүүлийн долоо хоногт исламын алан хядагчдаас дайжсан  170 мянган курд иргэн Кобани хотоос Туркийн нутаг руу дүрвэжээ. “Исламын улс” бүлэглийнхэн Иракийн нутагт ч гэсэн энгийн иргэдийг алан хядаж байгаагаас тус оронд нийт хоёр сая гаруй хүн орон гэрээсээ дайжжээ. Тэдний хэрэгцээг хангах талаар НҮБ ажил зохион байгуулж байгаа юм. Гэвч исламистууд Анбар мужийн баруун хэсэгт улам их газар нутаг эзлэн авсан тохиолдолд дүрвэгсдийн тоо улам нэмэгдэх аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)