АНУ-д эболагаар өвчилсөн хүн нас баржээ
- 2014-10-10
- Дэлхий
- 0
АНУ-ын Техас мужид эболагаар өвчилсөн Либерийн иргэн Эрик Дункан нас баржээ. Тэрбээр Африкаас өнгөрсөн сарын 20-нд ирснийхээ дараа бие нь тавгүйтэж, эмнэлэгт хандсан гэнэ. Э.Дункан Либериэс ирсэн гэдгээ хэлсэн боловч эмч нар түүнд антибиотик бичиж өгөөд гэр лүү нь явуулжээ. Өнгөрсөн сарын 28-нд эмнэлэгт хэвтэх хүртлээ түүнийг 100 орчим хүнтэй харилцсан гэж үзэн тандалт хийж байна. АНУ-д эболагаар халдварласан өвчтөн илэрсэн тухай мэдээлэл гарсны дараа тус улсад химийн хорноос хамгаалах тусгай хувцасны борлуулалт эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, эхний өдөр онлайн худалдааны “Амазон” сайт дээр энэ төрлийн хувцасны арилжаа 131 мянган хувиар өсчээ. Мөн хийн баг, эболагийн үед хэрхэн амьд гарах тухай зааварчилгаа бүхий гарын авлага орсон аж. Иргэд жирийн нэг удаагийн хэрэглээний комбинезон төдийгүй 70-1000 ам.долларын үнэтэй янз бүрийн загвар бүхий резин материалтай /бидний ОП цув гэдгээр нь мэдэх/ шар комбинезонуудыг ихээхэн худалдан авч байгаагаас олдоц муутай болжээ. Хүмүүс бараг ертөнцийн сүйрэлд бэлтгэж буй мэт хамгаалах хэрэгслүүдийг худалдан авч эхэлсэн нь зарим компанийн хувьд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн байна. Эмийн зах зээлд гэхэд эбола өвчний эсрэг эм үйлдвэрлэхийн төлөө ширүүн тэмцэл өрнөсөн гэнэ. Тухайлбал, “Chimerix” компанийн боловсруулсан туршилтын шинэ эмийг Америкийн эрх бүхий байгууллагаас урьдчилсан байдлаар сайшаасны дараа компанийн хувьцааны үнэ шууд зургаан хувиар өсчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)