Хятад түшмэлүүдийнхээ зардлыг есөн тэрбумаар бууруулжээ
- 2014-10-11
- Дэлхий
- 0
Бээжингийн эрх баригчид төрийн албан хаагчдын гадаад томилолт, хүлээн авалт, албаны автомашинд зарцуулах хөрөнгийг нэг жилийн дотор ёсөн тэрбум ам.доллараар бууруулжээ. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Си Зиньпинээс өнгөрсөн онд зарласан авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлсэн байна. Кампанит ажлын хүрээнд нам, төрийн байгууллагуудад тодорхой хариуцсан ажилгүй хэрнээ цалин авдаг байсан 150 мянган түшмэл байсныг тогтоосон аж. Авлига нь коммунист нам цаашид оршин тогтноход заналхийлж байгааг Си Зиньпин нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Хятадад авлига их байгаад энгийн иргэд сэтгэл дундуур байгаагаас эрх баригчид намын нэр хүндийг олон нийтийн дунд өсгөх зорилготой суртал ухуулгын чанартай олон ажил зохион байгуулж байна. Энэ ажлын нь үр дүнд тансаг хүлээн авалт, албаны автомашин, албан томилолт зэрэгт ногдох зардал өмнөх онтой харьцуулахад гуравны нэгээр буурсныг Хятадын удирдагчид мэдэгджээ. Гэхдээ авлигатай тэмцэх нь бас сөрөг үр дагавартай болохыг тэд ойлгодог. Өмнө нь Хятадын удирдлагууд авлигатай хатуу тэмцвэл намаа үгүй хийх аюултай боловч дутуу тэмцвэл улс орноо үгүй хийх аюултайг сануулж байсан. Авлигатай хийж буй энэ тэмцэл Хятадын түшмэлүүдийг сэтгэл зүйн хувьд байнгын дарамтад оруулснаас тэдний дунд амиа хорлох үзэгдэл нэмэгдсэн юм. Тухайлбал, 2013 онд “Хэвийн бус байдлаар” 54 албан тушаалтан нас барсанд архи хэтрүүлэн хэрэглэсэн, осолд орсон тохиолдлуудыг оруулжээ. Үүнээс 23 нь амиа егүүтгэжээ. Харин энэ оны долдугаар сард зургаан албан тушаалтан амиа хорлосон гэнэ. Хятадад хотжилт эрчимтэй өрнөж буй нь хөдөө орон нутаг дахь албан тушаалтнуудад олон төрлийн зөвшөөрөл өгөх, хяналт тавих зэрэг ажлынхаа хүрээнд далд орлого олох ихээхэн боломж олгосон. Тэдгээрт ил тод байдал байдгүйгээс авлигыг сэргийлэхэд хүндрэлтэй. Дээр нь орон нутгийн удирдлагууд бараг хязгааргүй эрх мэдэл эдэлж, хүмүүсийн амьдрал ахуйд шууд нөлөө үзүүлэх боломжтой, авлига авах дэндүү хялбар учраас тэдний нэг хэсэг ийм боломжийг алддаггүй аж. Төв Засгийн газар дахь удирдлагууд ч энэ тухай мэддэг. Тухайлбал, ХКН-ын Сахилгын төв хорооны мэдээллээс үзэхэд 2012 оны арванхоёрдугаар сараас хойш нийт 74000 гаруй албан тушаалтны эсрэг сахилгын арга хэмжээ авснаас 70000 гаруй буюу олонхи нь жижиг хот суурингийн албан тушаалтнууд байжээ. Хятадын шинэ удирдлага ард түмэнтэй шууд харьцдаг доод төвшний албан тушаалтнуудын ажлын арга барил амьдралын хэв маягт анхаарч тусгай кампанит ажил хүртэл зарласан нь намын нэр хүндийг өсгөх ажлын нь нэг хэсэг аж. Эрх баригчид албан тушаалтнуудыг ард иргэддээ ажлаа тайлагнахыг шаарддаг. Гэсэн хэдий ч энгийн иргэд албан тушаалтнуудын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх арга зам тун цөөн аж. Төв Засгийн газраас авлигын тухай мэдээлэл өгөх тусгай сайт ажиллуулсан боловч хэрэглэгчид нь заавал өөрийн нэрээр бүртгүүлэх ёстой гэсэн шаардлага тэдний хүсэл зоригийг мохоодог. Намын сахилгын хороонд ийм төрлийн мэдээлэл өгөх тусгай сайтын хуудсанд хүртэл худал мэдээлэл өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж болзошгүй тухай сануулга тавьжээ. Дээр нь албан тушаалтнуудын зүй зохисгүй үйлдлийн тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл цацсан тохиолдолд цуу яриатай тэмцэх тусгай хуулийн дагуу шийтгэл хүлээх эрсдэлтэй гэнэ. Хятадын иргэд намын эрх тушаалтнууд олон тооны эрх, ямба эдэлдэгт нэлээд дургүйцдэг. Тухайлбал, автомашиндаа цэргийн тусгай дугаар хэрэглэснээр замын хөдөлгөөний дүрэмд захирагдахгүй, замын хураамж төлөхгүй зэрэг давуу эрх эдэлдэг байсныг 2013 оноос нэлээд хумьсан. Ингэхдээ тансаг ангиллын автомашинуудад цэргийн дугаар олгохыг бүрэн хориглосон байна. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд 2013 онд Төмөр замын сайд асан Лиу Зижуныг 25 жилийн хугацаанд 64 сая гаруй юанийн хахууль авсан хэргээр цаазаар авах ял оноосон. Түүнчлэн дотоодын аюулгүй байдлыг хариуцсан сайд, намын улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнканийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүн дээр түүний нөлөөг багасгахын тулд түүний ойрын хүрээллийн 300 гаруй хүнийг баривчлах, саатуулах, мөрдөн шалгах зэргээр шалгаж, нийт 90 тэрбум юанийн /14.5 тэрбум ам.доллар/ үнэ бүхий хөрөнгийг нь хураасан билээ. Энэ үйл явдал албан тушаалтан хэдий дээгүүр алба хашиж, хэлхээ холбоот сайтай байсан ч авлигад автсан л бол дархлаагүй гэдгийг харуулсан хэрэг. Дээр нь нам, төрийн удирдлагад бугшсан ураг төрлийн, бизнесийн холбоотой эрх мэдэлтнүүдийн нөлөөллийг арилгах гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл хэмээн ажиглагчид үздэг. З ардлыг танах ажлын хүрээнд төв засгийн газрын агентлагууд өөрсдийн автомашины паркийг өнгөрсөн онд 37 хувиар бууруулсан. Хэбэй мужид тухайн албан тушаалаа хашихаа больсон хэрнээ цалин хангамжаа эдэлдэг байсан 55 мянган түшмэлийг халжээ. Сычуань мужид 28 мянга, Хенан мужид 15 мянган түшмэл огт алба хашдаггүй хэрнээ цалин авдаг байсныг болиулсан байна. Тэдгээрийн олонхи нь төрийн албан тушаалтнуудын үр хүүхэд, төрөл төрөгсөд нь байжээ. Коммунист намын албан тушаалтнууд болон засгийн газарт дэд сайдаас доогуур зэрэг дэвтэй түшмэлүүд албаны автомашин хэрэглээгүй бол унааны зардалд сар бүр 500-1300 юань авдаг байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (1)
(202.179.7.6)
teg teg