Монгол улс стандартчиллыг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлнэ
- 2014-10-13
- Үнэн
- 0

Олон улсын стандарт-чиллын байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын14-ний өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэдэг. Эл өдрийг, тохиолдуулан тус байгууллагын ажилчид Баянзүрх дүүргийн ЗДТГ, дэд бүтэц тохижилтын хэлтсийн хамт олон нэгдэж, Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг дэвсгэр Туул гол орчмын хоёр километр газрын хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдсэн юм. Стандарт хэмжилзүйн газрын зургаан хэлтсийн 100 гаруй ажилчин цэвэрлэгээгээ хийх газраа11.00 цагийн үед очлоо. Биднийг очиход Стандарт хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Аравдугаар сарын 14-нд“Дэлхийн стандартчлалын өдөр” буюу албан тушаал хашигч, ажилчдын баярын өдөр болдог. Манай улс 2006 оноос хойш тэмдэглэж ирсэн. Бид урьд жилүүдэд яг 14-нд баярын хурал, шагнал урамшуулал маягаар тэмдэглэж байсан бол энэ жил тогтсон өдрөөс өмнө эхлэж, эх болсон байгаль орчиндоо тустай үйл ажиллагаа зохиож, мөн төрийн бусад байгууллагыг энэхүү үйлсдээ уриалан тэмдэглэхээр энд хүрэлцэн ирээд байна гэв. Туул голыг цэвэрлэх ажил эхэлж, ажилчид хог цэвэрлэж эхлэв. Хог цэвэрлэж явахад“Ард түмэн байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахаа больжээ. Эх оронч сэтгэлтэй хүн байхгүй болсон мэт сэтгэгдэл төрж байв. Голын ойр хогоо хаячихаад явчих юм” гэж шүүмжилсэн хүн олон байв.

Нээрээ л голын ойролцоо чихрийн цаас, архи, шар айрагны шил, хүүхдийн хэрэглэсэн живх мэт хаягдал хог их байв. Энэ бол мэдээж иргэн бидний хариуцлагагүй үйлдлээс болж голын ус бохирдож байгаа хэрэг. Үд дундийн үед хоёр километр газар ширхэг ч хоггүй болж200 гаруй шуудай хогийг ачуулсан юм. Мөн энэ үеэр Стандарт хэмжилзүйн ажилчдын баярт Монгол Улсын стандарчлалын тогтолцоог боловсронгуй болгох төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгч ноён Хейнк Ди Паури ирж чин сэтгэлийн баяр хүргэсэн юм. Тэрбээр манай улсад хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө талаар товчхон мэдээлэл өглөө. Уг төслийг Европын холбооноос санаачилсан юм байна. 3.7 сая еврогийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Ингээд Хейнк Ди Пауригаас төслийн зорилгын талаар тодруулахад “Стандарт хэмжилзүйг боловсронгуй болгох, хүнсний болон хүнсний бус бүтээгдхүүний стандартыг шинэчлэх юм.

Монгол Улсын хэрэглэгчид Европын стандартад тохирсон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг. Ингээд ирэхээр Монгол Улсын стандартын байгууллага, Европын холбооны стандартын байгууллага хоёрын хооронд маш дотно хамтын ажиллагаа бий болж байгаа юм. Манай төслийн гол анхаарч ажиллах зүйл нь юу гэхээр стандартын дэд бүтэц гэж ярьдаг, хяналт, лаборатори тэр бүхний чадавхыг дээшлүүлэхэд байгаа. Төслийн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх болно” гэв. Энэ үеэр төслийн Стандарт хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр зарим зүйлийг мэдээлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын стандарчлалын тогтолцоог боловсронгуй болгох энэ төсөл2014 оны дөрөвдүгээр сараас2017 оны дөрөвдүгээр сар хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Гол зорилго нь манай стандарчлалыг олон улсын жишигт хүргэх, тэр дундаа Европын тогтолцоонд хүргэх юм. Ингэснээрээ манай улсын зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэх чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм. Төслийн чиглэлээр манайд нэг баг ажиллаж байна. Ер нь бол Европын стандартыг нутагшуулна гэж байгаа. Европын стандарт гэдэг өөрөө асар өндөр хэмжүүртэй, 70,8 хувь нь олон улсын төвшинтэй байдаг. Үүнийг нутагшуулаад хэрэгжүүлэхэд хамгийн их шаардагдах зүйл бол боловсон хүчин.Тэрийг л бид сайн бэлдэхийг анхаарах ёстой” гэсэн юм. Үдийн хоолны дараа хэлтэс бүрийн дунд хөгжөөнт хоёр тэмцээн зохиож, төрийн захиргааны удирдлагын хэлтэс нийлбэр дүнгээр тэргүүлж, шагналыг Г.Гантөмөр дарга гардуулснаар баярын арга хэмжээ өндөрлөв. Ингээд Туул голыг цэвэрлэсэн ажилчдын сэтгэгдлийг сонирхсон юм. Эзэлхүүн зарцуулалтын лабораторийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Байгальсайхан “Өнөөдөр стандарт хэмжилзүйн ажилтны баярын өдөр. Манай хамт олон Туул голоо цэвэрлэж байгаад сэтгэл хангалуун байна. Үнэхээр сайхан. Манай бүх ажилчид цугларсан. Ер нь цаашдаа ажилчдынхаа баярыг иймэрхүү маягаар тэмдэглэж байна гэсэн саналтай байгаа. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэрэн-Очир“Бид стандарт тогтоодог байгууллагын хувьд бүх ард иргэд байгууллагыг ойн арга хэмжээ томоохон тэмдэглэлт өдрүүдээ бидэн шиг үр бүтээлтэй, байгаль эхийгээ дээдэлсэн, байгальдаа тус болсон тийм үйл ажиллагаар өнгөрөөж байгаасай гэж уриалж байна” гэв.
Г.Хашбаатар

Сэтгэгдэл (0)