Хүний эрхийн төлөө тэмцэгчид Нобелийн эздээр тодров

 Норвеги дэх Нобелийн хороо энэ оны Энхтайвны шагналыг Энэтхэг, Пакистан хоёр орны төлөөлөгчдөд өгөхөөр шийджээ. Шалгаруулалтын өмнө хэвлэлийнхэн Ромын пап Франциск юм уу Эдвард Сноуденд өгөх магадлалтай хэмээн үзэж байв. Гэвч Нобелийн хорооныхон Б.Обамад хийгээгүй ажлынх нь амлалтад шагналаа урьдчилан олгож, Нобелийн шагналын нэр хүндийг бууруулсан гэмээ цайруулахаар шийдсэн бололтой. Үүний тулд тэд Дорны хоёр өөр орны нэр нь огт сэвтээгүй хүний эрхийн төлөө тэмцэгчдийг сонгохоор шийджээ. Норвеги дэх Нобелийн хорооны тэргүүн Турбьерн Ягланд баасан гаригт шагналтнуудын нэрийг зарласан. Дэлхийд хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг Пакистан гаралтай 17 настай Малала Юсуфзай охин, Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч60 настай Кайлаш Сатирти нарт олголоо. Тэдэнд уг шагналыг олгохдоо“Хүүхэд залуусын эрх, бүх хүүхдийн боловсрол эзэмших эрхийн төлөөх тэмцлийг дарангуйлахын эсрэг тэмцсэний нь төлөө олгосон” гэжээ. Түүнчлэн“Кайлаш Сатиартхи нь хувийн эр зориг гаргаж, Гандийн уламжлалыг үргэлжлүүлэн эсэргүүцлийн олон хөдөлгөөн, жагсаалыг тэргүүлж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, ашиг хонжоо олохын эсрэг тэмцсэн” хэмээн хорооны албан ёсны мэдээлэлд өгүүлжээ. Харин Малала Юсуфзайн тухайд“Нас залуу хэрнээ эмэгтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэж ирсэн” гэжээ. Ийн Малала охин1901 оноос Нобелийн энх тайвны шагнал олгож эхэлснээс хойшхи хамгийн залуу шагналтнаар тодорлоо. Түүний нэр өнгөрсөн онд шалгаруулалтын үеэр Нобелын эзэн болох магадлалтай хүний тоонд багтаж байсан юм.

 

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид

Кайлаш Сатирти нь Хүүхдийн эрхийн төлөөх дэлхийн хөдөлгөөн, Боловсролын төлөөх дэлхийн нийтийн хөдөлгөөнийг төлөөлдөг. Түүний тэргүүлдэг байгууллагын оролцоотойгоор Энэтхэгт нийт80 мянга гаруй хүүхдийг янз бүрийн хэлбэрийн мөлжлөгөөс чөлөөлөн тэдэнд тайван амьдралдаа эргэн орж, боловсрол эзэмших боломж олгосон байна. Харин Юсуфзай бүр11 настайдаа олны танил болсон. Тэрбээр2009 онд“Би-Би-Си” агентлагийн сайт дээр блог нээж, Пакистаны баруун хойт зүгийн мужуудад “Талибан” хөдөлгөөний хяналтад байдаг нутагт, тухайлбал түүний амьдардаг Сват хөндийд ямаршуу дэг жаяг ноёрхдог тухай бичиж эхэлжээ. Хожим талибуудыг Сват хөндийгөөс үлдэн хөөсний дараа Юсуфзай охин Пакистаны залуусын энхтайвны үндэсний шагналын эзнээр шалгарсан байна. Гэвч2012 оны намар зэвсэгт дайчид зорчиж явсан автобусанд нь орж, түүнийг буудсан эмгэнэлт хэрэг болсон юм. Энэ халдлагын үеэр түүнтэй цуг явсан хоёр охин хохирсон. Эмч нар Малала охины тархинаас сумыг нь авч чадсан боловч түүний амь нас нэг хэсэгтээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Гэсэн хэдий ч охин эдгэрч, нэг жилийн өмнө намтрын номоо хэвлүүлж, Анна Политковская болон Андрей Сахаров нарын нэрэмжит шагналын эзэн болсон түүхтэй. Харин өнгөрсөн сард түүний амь насанд халдсан талибуудыг баривчилсан байна.

 

Сөргөлдөгч орны төлөөлөгч

Нобелийн хорооны гишүүд хоёр талын харилцаа нэлээд хурцадмал байдаг Энэтхэг, Пакистаны төлөөлөгчдийг ийн сонгосон нь огт санаандгүй хэрэг биш. Үүгээрээ хорооны гишүүд хоёр орон улс төрийн салбарт дайсагнаж байгаа ч нийгмийн салбарт тухайлбал, хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгмийн бүхий л давхаргынхны хүний эрхийн төлөө тэмцэлд хамтарч болохыг харуулахыг зорьсон аж. Хөгжиж буй хоёр орны хувьд ядуурал, хүүхдийн боловсрол зэрэг нийгмийн олон салбарт тулгамдсан асуудлууд нь ижил төстэй. Их Британиас1947 онд тусгаар тогтносон Энэтхэг орон тэр даруйдаа хоёр улс болон хуваагдаж, тэр цагаас хойш газар нутгийн болон бусад маргаанаас үүдэн хоорондоо дайсагнасан харилцаатай хэвээр байна. Энэтхэг, Пакистан хоёрын зөрчил, маргааны шалтгаан нэлээд ярвигтай, олон жилийн түүхтэйгээс гадна хоёр орны хилийн цэргийнхэн харилцан буудалцаж буй энэ үед Нобелийн шагнал хоёр орныг найрамдахад хүргэнэ гэдэг тун эргэлзээтэй. Малала Юсуфзай мужийнх нь иргэдийн амьдралд шариатын хууль дүрмийг нэвтрүүлж буйг эсэргүүцэн энэ тухай үгээ зоригтой хэлдэг байсан. Харин халдлагын дараа түүнийг эхлээд Пакистаны нийслэл Исламабад хот, дараа нь Лондонд шилжүүлж эмчилж байж. Малала охин Их Британийн хатан хаантай уулзаж, эх орноосоо хол байхдаа ч гэсэн олон нийтэд соёл боловсрол олгох, нэн ялангуяа өөрийн муж, Пакистан оронд хүүхдэд анхан шатны боловсрол олгохын төлөө үгээ хэлж байна. Тэрбээр ядуу давхаргынхны боловсрол олох эрхийн төлөө тууштай тэмцдэг.

 

Энхтайвны шагналын эргэн тойронд

Норвеги дэх Нобелийн хороо энэ оны шилдгийг шалгаруулахын тулд хагас жилийн хугацаанд мш олон тооны нэр дэвшигчийн материалтай танилцах шаардлага тулгарсан. Тэдгээртэй танилцаж дууссаны дараа тус хорооноос нийт278 нэр дэвшигч хэлэлцсэнээс 47 нь нийгмийн зүтгэлтэн болон олон улсын байгууллагууд байсан тухай өнгөрсөн хавар мэдээлсэн юм. Нэр дэвшигчдийн албан ёсоор нэрлэдэггүй нууцалдаг уламжлалтай. Гэсэн хэдий ч зарим нэр дэвшигчийн тухай мэдээлэл санаатай бөгөөд санаандгүй байдлаар олон нийтэд ил болдог. Энэ оны хувьд ил болсон нэр дэвшигчдийн дунд эдийн засгийн үр ашигтай арга хэрэглэж ядууралтай тэмцэхийг уриалсныхаа төлөө Ромын пап Франциск, АНУ-ын тусгай албадын дур зоргоороо үйлдлийг илчилсэн Эдвард Сноуден, Оросын Ерөнхийлөгч В.Путин нарыг дурдаж байсан юм. Оросын Ерөнхийлөгч нэг жилийн өмнө Сирийн химийн зэвсгийг устгах санаачилга гаргаж, тус оронд гаднаас халдан түрэмгийлэл үйлдэхийг зогсоож чадсан билээ. Сүүлийн үед Нобелийн энх тайвны шагнал нэлээд шүүмжлэлд өртөх болсон. Тухайлбал, 2009 онд Б.Обамаг Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд халдан түрэмгийлсэн өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн бодлогыг өөрчилнө хэмээн амласных нь төлөө түүнд энэ шагналыг олгосон нь нэлээд шүүмжлэл дагуулжээ. Гэсэн хэдий ч Б.Обамагийн бодлого өмнөх Ерөнхийлөгчийнхөөс бараг өөрчлөгдөөгүй. Үүнтэй холбоотойгоор Нобелийн хорооныхон шагналынхаа нэр хүндийг сэргээж, олонд нэр хүндтэй, нэр нь сэвтээгүй, уг шагналын мөн чанарт тохирох нэр дэвшигчдийг хөгжиж буй орнуудаас тодруулжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)