Африкаас ирсэн эмч нарыг хөл хорионд оруулна
- 2014-10-27
- Дэлхий
- 0
Баруун Африкийн орнуудад эболагийн халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж байсан эмнэлгийн ажилтнуудыг АНУ-ын Иллинойс мужид гурван долоо хоногийн хугацаагаар хөл хорихоор болжээ. Өмнө нь Нью-Йорк, Нью-Жерси мужийн эрх баригчид үүнтэй адил арга хэмжээ авсан байна. Дээрх гурван мужид эбола өвчин хамгийн их тархсан Либери, Сьерра-Леон, Гвиней улсаас ирсэн нисэх онгоц хүлээн авдаг буудлууд ажилладаг. Үүнээс гадна АНУ-ын томоохон таван нисэх буудалд ирсэн зорчигчдод эмнэлгийн хатуу хяналт тавих журам үйлчилж, баруун Африкаас ирсэн иргэдийн биеийн халууныг хэмждэг болжээ. Өмнө нь баруун Африкийн бүс нутгаас ирсэн эмнэлгийн ажилтнуудыг хөл хорионд оруулдагггүй байснаас тэд бусдын адил нийтийн тээврээр зорчиж, олон хүнтэй харилцдаг байсан гэнэ. Харин өнгөрсөн пүрэв гаригт Нью-Йоркт амьдардаг эмч К.Спенсерийг эбола өвчний халдвартай болохыг тогтоосны дараа Африкаас ирсэн эмнэлгийн ажилтнуудыг хөл хорионд оруулахыг шаардахад хүрсэн байна. Эмч К.Спенсер өмнө нь Гвиней улсад эболагийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаад Нью-Йорк ирснийхээ дараа олон хүнтэй харилцаж, бие нь өвдөн эмнэлэгт хандахынхаа өмнөхөн боулин тоглосон аж. Үүнтэй холбоотойгоор боулингийн газрыг битүүмжилж, эмчийн сүйт бүсгүй, хоёр найзыг нь хөл хорионд оруулсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)