А.Меркель Их Британийг шүүмжлэв
- 2014-10-27
- Дэлхий
- 0
Их Британийн эрх баригчид Европын холбооны бусад орноос ирсэн цагаачдын зарим эрхийг хасахаар төлөвлөснийг Германы канцлер А.Меркель шүүмжилжээ. А.Меркель “Герман орон Европын холбооны иргэд чөлөөтэй шилжин явах эрхэд халдахгүй” гэжээ. Түүнчлэн канцлер Европын холбооны хүрээнд шилжин явагсдын эрх чөлөө, хөдөлмөр эрхлэх талаар баримталж буй Их Британийн Ерөнхий сайдын бодлогыг дэмжихгүй гэдгээ хэлсэн байна. Лондон хотыг ажил хайж буй гадаадын иргэдэд хамгийн таатай хотоор шалгаруулсан юм. Шалгаруулалтын үеэр санал асуулгад оролцогсдын 16 хувь нь Лондонд очиж, амьдрахыг хүсдэг гэсэн нь Нью-Йорк, Парис, Сидней, Мадрид хотыг ардаа хол орхисон үзүүлэлт аж. Харин Их Британийн иргэдийн 44 хувь гадаадад цагаачлахыг хүсдэг гэнэ. Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон цаашид Брюссель дэх холбооны удирдлагатай харилцаагаа сайжруулж чадахгүй бол улс орноо Европын холбооны гишүүнчлэлээс гаргахын төлөө кампанит ажил эхлүүлэхэд бэлэн гэдгээ зарласан юм. Түүнчлэн тэрбээр Европын холбооны хүрээнд шилжих хөдөлгөөн чөлөөтэй байхын эсрэг гэдгээ илэрхийлж, 2015 оны сонгуульд ялбал холбооны гишүүн орнуудаас ирсэн цагаачидтай тэмцэнэ гэдгээ хэлсэн аж. Тухайлбал, тус улсад ирээд удаагүй байгаа ажилгүй цагаачдад олгодог тэтгэмжийг бууруулж, Британийн иргэдэд олгодог зарим тэтгэмжийг олгохгүй байх нь зүйтэй гэсэн байр сууриа Д.Кэмерон илэрхийлжээ. Энэ хязгаарлалтад Европын холбооны хамгийн ядуу орон болох Румын, Болгарын иргэд өртөх юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)