Н.Мадуро цалин хөлсийг гурав дахь удаагаа нэмлээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ онд гурав дахь удаа иргэдийнхээ цалин хөлсийг нэмэхээр болсноо өнгөрсөн даваа гаригт зарлажээ. Энэ удаа иргэдийн цалин хөлсийг 15 хувиар нэмснээр ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4800 боливар болох аж. Энэ нь албан ёсны / нэг ам.доллар 6.3 боливартай тэнцэх/ ханшаар 775 ам.доллар аж. Гэхдээ тус улс албан ёсны ханшнаас гадна хоёр өөр ханш мөрддөг. Тухайлбал, Венесуэлийн төв банк хамгийн чухал бараа импортлогчдод ам.долларыг 11 боливараар борлуулдаг бол бусад импортлогчдод 50-иар худалддаг гэнэ. Тухайн барааг зах зээлд борлуулахдаа валютаа ямар ханшаар худалдан авснаас хамааран тогтоодог аж. Харин хар зах дээр ам.долларын ханш 100 боливар хүрсэн байна. Венесуэлийн эрх баригчид энэ оны эхнээс хойш иргэдэд олгодог хүнсий талоныг оруулан тооцвол цалин хөлсийг нийт 68.3 хувиар өсгөсөн байна. Түүнчлэн Н.Мадуро Венесуэл улсын эсрэг эдийн засгийн дайн өрнөж байгаа энэ үед ажилгүйдлийн төвшин сүүлийн 40 жилд хамгийн бага төвшинд байгааг онцолжээ. Тэрбээр “Энэ чимээгүй дайн бидэнд хохирол учруулж байхад түүнийг өдөөсөн эзэд нь нуугдаж, хөрөнгөтнүүд социалист загвар бүтэлгүйтлээ хэмээн инээлдэн, замын доод хэсэгт тэсрэх мина булж байхад бид саадыг дээгүүр нь давж байна” гэжээ. Венесуэлд сүүлийн үед төрөөс үнийг нь хатуу тогтоож өгсөн өргөн хэрэглээний барааны хомсдол нүүрлэсэн байна. Ерөнхийлөгч Н.Мадуро энэ бүхэнд сөрөг хүчин хийгээд бизнесмэнүүдийг буруутгадаг аж. Харин бизнес эрхлэгчид валют болон гадаад худалдааны салбар дахь хязгаарлалтууд тэдний ажилд саад болж байна хэмээн мэдэгддэг. Барааны хомсдол болон нэн чухал бараа бүтээгдэхүүнийг нууцаар хил давуулахтай тэмцэх зорилгоор эрх баригчид энэ сарын 30-ны өдөр гэхэд томоохон дэлгүүрүүдэд хурууны хээ уншдаг төхөөрөмж суурилуулж, нэг хүнд бараа худалдан авахад нь тогтоосон хязгаарлалтыг хатуу мөрдүүлэх аж. Үүнээс гадна хүнсний өргөн хэрэглээний сагсанд багтах гол бүтээгдэхүүн болон эмийн экспортыг хорьсон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)