Умард Солонгост уран баяжуулах шинэ үйлдвэр нээлээ

 Умард Солонгост уран баяжуулах шинэ үйлдвэр ажиллаж эхэлснээр цөмийн түлш үйлдвэрлэх хүчин чадал нь хоёр дахин нэмэгджээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин тагнуулын мэдээллээс иш татсан байна. Нийт 0.2 га талбай бүхий шинэ үйлдвэрийг Йонбен дэх цөмийн цогцолборт хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан гэнэ. Умард Солонгосын тал үйлдвэрийг ажиллуулснаар жилдээ 80 кг өндөр агуулгатай уран үйлдвэрлэх боломжтой болж, дөрвөөс таван цөмийн цэнэг үйлдвэрлэхэд хангалттай гэнэ. Пхеньяны эрх баригчид Йонбенд шинэ үйлдвэр байгуулж байж болзошгүйг анх 2013 онд мэдээлж байв. Тухайн үед хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг шинжилснээр “Тус улс уран баяжуулах хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж, шинээр 2000 центрифуг байршуулсан” гэх дүгнэлтэд хүрчээ. Шинжээчид Йонбен дэх цөмийн цогцолборыг эрчим хүч гаргаж авах энхийн зорилготой хэмээн үздэг боловч шаардлага гарвал цэргийн зорилгоор ашиглаж болох аж. Умард Солонгосын эрх баригчид 2006, 2009, 2013 онд нийт гурван удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн юм. Эхний хоёр туршилтад плутонийн түлш бүхий цөмийн төхөөрөмж туршсан бол гурав дахь туршилтын хувьд тодорхой мэдээлэл байхгүй. Умард Солонгосын тал цөмийн технологитой холбоотой байгууламждаа гадны мэргэжилтнүүдийг нэвтрүүлэхээс татгалздаг. Пхеньяны эрх баригчид АНУ-ын халдан түрэмгийллээс хамгаалахын тулд цөмийн зэвсэг зайлшгүй шаардлагатай гэж үздэг аж. Харин НҮБ-аас Умард Солонгосыг цөмийн зэвсэг, баллистик пуужингийн технологи хөгжүүлж байгааг нь зогсоох зорилгоор эдийн засгийн хориг тавьсан.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)