Б.Обама конгрессээс эболатай тэмцэхэд зургаан тэрбумыг хүсчээ
- 2014-11-07
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч Б.Обама эболатай тэмцэхэд зориулж, Конгрессээс 6.2 тэрбум ам.доллар хүсчээ. Энэ хөрөнгийг АНУ-ын Ерөнхийлөгч баруун Африкийн бүс нутагт эболатай тэмцэх, АНУ-ын нутагт тархахаас сэргийлэх ажилд зарцуулах аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр нийт 13042 хүн энэ өвчний халдвар авснаас 4818 нь нас барсан байна. Б.Обамагийн хувьд Конгрессийн завсрын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа хууль тогтоогчдод хандан анх удаа үг хэлсэн нь энэ юм. Энэ хөрөнгөөс хоёр тэрбумыг тус улсын Олон улсын хөгжлийн агентлагт, 2.4 тэрбумыг Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яаманд, 1.5 тэрбумыг нөөц санд хуваарилах аж. Түүнчлэн Батлан хамгаалах яаманд тодорхой хэмжээний санхүүжилт олгох гэнэ. АНУ-ын нутагт дөрвөн хүн эболагийн халдвартай хэмээн бүртгэгдсэн. Анхны өвчтөн Либериэс нь Техас мужид ирж, өнгөрсөн сарын эцсээр нас барсан бол түүнийг эмчилж байхдаа халдвар авсан хоёр сувилагч эдгэсэн байна. Үүнээс гадна Гвинейгээс ирсэн эмч Нью-Йорк хотноо эмчлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл (0)