Ирэх оны төсвийн зардлыг 1-1.5 их наяд төгрөгөөр танах санал гаргав
- 2014-11-11
- Үнэн
- 0
Ирэх оны төсвийн төслийг батлах хуулиар заасан хугацаа дуусахад дөрвөн хоног үлдлээ. Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын 1-нд өргөн барьсан төсвийн төслийг УИХ бараг л хэлэлцсэнгүй. Бүтэн сар гаруй хугацаа өнгөрч байхад ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаагүй байна. Байнгын хороодын саналыг ч нэгтгэж амжаагүй байгаа болохоор төвсөө хугацаандаа баталж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Өчигдөр болсон бүлгүүдийн хурлын үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс ирэх оны төсвийн төслийн талаархи байнгын хорооны саналыг хэзээ нэгтгэх, хугацаандаа төсвөө баталж чадах эсэх талаар олон гишүүн асуулт тавьсан. Тэрээр “ирэх оны төсвийн төслийг одоо байгаа чигээр нь хугацаандаа амжиж батална, дараа нь тодотгол хийнэ” гэсэн хариуг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо бусад байнгын хорооны санал дүгнэлтийг нэгтгэхгүйгээр ирэх оны төсвийн төслийг хуульд заасан хугацаандаа батлахын тулд одоо байгаа чигээр нь эцсийн хэлэлцүүлэгт оруулах бололтой.
Өнгөрсөн баасан гаригт "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ долоо хоногт мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах нь тодорхой байгаа. Монгол Улсын эдийн засгийн байдал хүндхэн байгаа үед төсөв, мөнгөний бодлого уялдаа хамааралтай байх нь чухлыг сөрөг хүчин болон эдийн засагчид хэлж буй. Ялангуяа төсвийн төслийг сайжруулах шаардлага зайлшгүй байгааг хэлж байгаа. ТэгвэлТөрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсронгуй болгох УИХ-ын ажлын хэсгийнхэн ирэх оны төсвийн төслийг батлахад анхаарах нэлээд хэдэн саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна.
Хамгийн түрүүнд, төсвийн орлогын өсөлтийг хэт өөдрөгөөг төсөөлж болохгүй гэжээ. Ирэх оны төсвийн төслийн орлогын өсөлтийг энэ оны өсөлтөөс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг саналыг өгсөн байна. Энэ оны эхний арван сарын байдлаар төсвийн орлого 797 тэрбум төгрөгөөр дутсан байгаа бөгөөд оны эцэст төсвийн орлого нэмэгдээд зургаа их наяд 130 тэрбум төгрөгт л хүрнэ гэж ажлын хэсгийнхэн тооцсон байна. Өөрөөр хэлбэл, оны эцэт төсвийн орлого 750 гаруй тэрбумаар тасарна гэсэн үг. Тиймээс ирэх оны төсвийн төсөлд орлогыг долоо их наяд 160 тэрбум биш зургаа их наяд гаруйтөгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ энэ чигээр нь баталбал, ирэх онд төсвийн орлого мөн нэг их наяд гаруй төгрөгөөр тасарна гэв. Ирэх онд төсвийн орлого энэ жилийнхээс нэмэгдэх магадлал байхгүй гэдгийг ажлын хэсгийнхэн тодотгож хэлсэн байна. Сүүлийн хоёр жил төсвийн орлого байнга тасарч байгаа нь орлогыг хэт өөдрөгөөр тооцсоноос болж байна гэж үзэж байгаа аж.
Ирэх оны төсвийн төслийн зардалыг 1-1.5 их наяд төгрөгөөр танах саналыг оруулсан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтыг нь царцаасан 240 гаруй төсөл хөтөлбөрийг ирэх жил ч хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс тэдгээр төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг хийж чадах хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх саналыг оруулжээ.
Мөн импортын бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийг түр хугацааг зогсоох, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа үйлчилгээг дотоодоосоо хангах саналыг гаргажээ. Ингэснээр төсвийн хөрөнгөөр дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэмжих эдийн засгийн байдал нь сэргэнэ гэж үзжээ.
Төсвийн хөрөнгө оруулалт, зардлаа танаж ирэх 2017 онд төлөх Чингис болон бусад бондын өрийн төлөх эх үүсвэрийг ирэх оны төсвөөс үе шаттайгаар бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг өгсөн байна. Ирэх оны төсөвт бондын өрийн төлбөрийн 30, 2016 оны төсөвт 40 хувийг бүрдүүлэхээр тооцох саналыг тус тус хүргүүлсэн аж.
Үндэсний шуудан
Э.Мөнхцэцэг

Сэтгэгдэл (0)