Бразилийн цагдаа нар өдөрт зургаан хүний амь хөнөөдөг

Бразилийн цагдаа нар өнгөрсөн таван жилийн хугацаанд хууль хэрэгжүүлэх явцдаа нийт 11000 гаруй хүний амь насыг хөнөөсөн тухай тоо баримтыг “Бразилийн олон нийтийн аюулгүй байдлын чуулган” ТББ-аас мэдээлжээ. Энэ нь цагдаа нарын гарт өдөрт дунджаар зургаан хүн амь насаа алддаг гэсэн үг. Тэдний олонхи нь цагдаагийн байгууллагаас саатуулах үед эсэргүүцэл үзүүлж, амь насаа алдсан байна. Харин АНУ-ын цагдаагийн алба хаагчид сүүлийн 30 жилийн хугацаанд дээрхтэй ижил тооны хүний аминд хүрчээ. Уг судалгааны тайланд өгүүлснээр Рио де Жанейро хот хүн амын тоотой нь харьцуулахад ийм хэргийн тоогоор толгой цохидог гэнэ. Тухайлбал, 2013 онд тус хотод нийт 416 хүн цагдаа нарын гарт амь насаа алдсан аж. Бразильд өнгөрсөн онд нийт 50806 иргэн хүн амины хэргийн золиос болсон нь 10 минут тутамд нэг хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг. Ийн бусдын гарт амь насаа алдсан иргэдийн олонхи нь өнгөт арьстан байснаас гадна тэдний тэн хагасаас илүү хувь нь 30 хүртэлх насны залуус байжээ. Дэлхийн хэмжээнд 100 мянган хүнд ногдох хэргийн тоогоор Гондурас улс 2012 онд 90 хүн амины хэргээр тэргүүлсэн бол Бразиль улс 25 гэсэн үзүүлэлттэйгээр 18 дугаар байрт орсон байна.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)