АНУ, Хятад агаарын бохирдлыг бууруулахаар тохиролцлоо
- 2014-11-13
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар дэвшүүлсэн шинэ зорилтуудаа дэлхий нийтэд зарлажээ. Энэ тухай хоёр орны удирдагчид АПЕК-ийн уулзалтын үеэр уржигдар мэдэгдсэн байна. Уг зорилтын хүрээнд Хятад улс 2030 оноос хойш хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээ нэмэгдүүлэхгүй аж. Түүнчлэн Хятад улс 2030 он гэхэд эрчим хүчний салбартаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт ногдох хэмжээг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээ Б.Обаматай хийсэн хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Хятадын тал хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн бодит хугацаа тогтоосон нь томоохон ахиц гэж болно. Учир нь Хятад улс дэлхийд хамгийн том агаар бохирдуулагч юм. Харин энэ үзүүлэлтээрээ удаалдаг АНУ-ын удирдагч 2025 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг 2005 оны төвшинтэй харьцуулахад 26-28 хувиар бууруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Ерөнхийлөгч Б.Обама уг тохиролцоог “түүхэн” хэмээн үнэлсэн аж. Учир нь энэ хоёр орон дэлхийн хэмжээнд нийт агаарын бохирдлын 45 хувийг “үйлдвэрлэдэг” байна. Дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлдэг энэ хоёр гүрэн агаарын бохирдлыг бууруулах шинэ зорилт дэвшүүлсэн нь том дэвшил юм. Энэ нь хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг бууруулах талаар олон улсын гэрээг ирэх онд Парист батлах ажилд тус дөхөм үзүүлэх нь гарцаагүй.
Б.ОБАМА: АНУ ХОНКОНГ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБООГҮЙ
Ерөнхийлөгч Б.Обама Хятадын удирдагч Си Зиньпинтэй Бээжин хотноо уулзах үеэрээ АНУ-ын эрх баригчид Хонконг дахь “Төвийг эзэл” хэмээх оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоогүй тухай мэдэгджээ. Гэвч өмнө нь олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд уг хөдөлгөөнийг АНУ-ын холбооны Засгийн газрын төсвөөс санхүүждэг Олон улсын ардчиллын хүрээлэн, Үндэсний ардчиллын сан зэрэг байгууллагаас дэмжлэг авдаг тухай мэдэээлж байсан юм. Хонконгийн захирагч Лян Чэньин тус хот дахь эсэргүүцлийн хөдөлгөөн нь янз бүрийн орны гадаад хүчин зүйлтэй холбоотой тухай мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Хонконг дахь үйл явдал нь Хятадын дотоод хэрэг тул Вашингтон хөдлөнгөөс оролцохгүй байх нь зүйтэй” гэсэн сануулга өгсөн байна. Ерөнхийлөгч Б.Обама, Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин нар хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэх зорилготой хоёр гэрээг Бээжин хотноо байгуулжээ. Эдгээр гэрээнд хоёр тал цэргийн сургуулилт хийх гэж байгаагаа харилцан мэдээлэх зэрэг олон талт арга хэмжээг тусгасан байна. Түүнчлэн хоёр орны зэвсэгт хүчний ангиуд агаарт болон тэнгист мөргөлдсөн тохиолдолд дагаж мөрдөх заалтуудыг тусгасан олон тооны журмыг баталсан аж. Түүнчлэн АНУ, Хятад хоёр мэдээллийн технологитой холбоотой олон нэр төрлийн бараанд ногдуулдаг татвар хурааамжуудыг харилцан арилгах тухай тохиролцсоныг Б.Обама даваа гаригт мэдэгдсэн юм. Энэ үеэр Си Зиньпин Б.Обаматай ярилцахдаа “Цөөрөм нэг дус лаас эхэлдэг” хэмээн хамтын ажиллагаааны давуу талыг зүйрлэн өгүүлсэн байна. Харин Б.Обама хариуд нь “АНУ, Хятад хоёр үр бүтээлтэй хамтран ажиллаж чадвал энэ нь дэлхий нийтэд ашигтай” гэжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)