“Боко Харам” дахин дэлбэрэлт зохион байгуулжээ
- 2014-11-14
- Дэлхий
- 0
“Боко Харам” хөдөлгөөн уржигдар Нигерийн хойд хэсэгт орших Контагора хотын коллежийн номын санд дэлбэрэлт үйлджээ. Халдлагын улмаас нийт 10 гаруй оюутан амь насаа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Дэлбэрэлт болох үед сургуулийн оюутнууд шалгалт өгч байсан гэнэ. Алан хядах ажиллагааг эмэгтэй амиа золиослогч биедээ авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлж үйлджээ. Энэ хэрэг болохын урьд өдөр тус улсын зүүн хойд хэсэгт орших Потискум хотын сургуульд дэлбэрэлт болж 36 сурагч амь насаа алдсан байна. Нигерид сүүлийн таван жилийн турш нийт 10 мянга гаруй хүн алан хядагчдын гарт амь үрэгджээ. “Боко Харам” хөдөлгөөн нь Нигерид исламын шашны улс байгуулахыг зорьдог. Энэ байгууллагынхан гол төлөв Христийн шашны болон боловсролын байгууллагуудыг сонгон халдлага үйлддэг. “Форбес” сэтгүүлийн мэдээллээс үзэхэд тус байгууллага нь дэлхийн хамгийн баян алан хядах 10 байгууллагын тоонд багтдаг ба жилийн орлого нь 25 сая ам.доллар хүрдэг байна.
М.БОЛД

Сэтгэгдэл (0)