Мексикт багш нар парламентын байрыг шатаажээ

Мексикийн Гереро мужийн боловсролын байгууллагын / CETEG/ багш, оюутан нийлсэн 500 гаруй хүн орон нутгийн парламентын байранд дайран орж, депутатуудын танхим дахь суудал, ном сан руу шатдаг шингэн бүхий лонх шидэж шатаажээ. Түүнчлэн багш нар парламентын байрны гадаа байсан таван машиныг шатаасан гэнэ. Харин үүний урьд өдөр тэд Гереро мужийн боловсролын яаманд дайран орж, тавилгыг нь эвдэлж, бичиг баримтыг нь гудамжинд шатаасан аж. Иргэд энэ үйлдлээрээ 43 оюутан алга болсон хэргийг шударгаар мөрдөхийг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Сурагггүй алга болсон оюутнуудын хэрэгтээ холбоотой эсэргүүцлийн жагсаал сүүлийн үед Мексикийн олон хотод болсон. Тухайлбал, оюутнууд болон тэдний төрөл төрөгсөд далайн боомт хот Акапулькогийн онгоцны буудлыг хэдэн цагийн турш эзэлж, ажлыг нь зогсоосон бол нийслэл Мехико хотноо жагсагчид Ерөнхийлөгчийн ордны хаалгыг шатаасан байна. Үүнээс гадна эсэргүүцэгчид өнгөрсөн мягмар гаригт Чилпансинго хот дахь эрх баригч намын байрыг шатаасан юм. Мексикийн оюутнуудыг хул­ гайлан авч явсан хэрэг өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр гарсан билээ. Тухайн үеэд тэдгээр оюутныг эсэргүүцлийн жагсаалд оролцохоор явж байхад нь цагдаа нар саатуулахыг гэрч нар харсан байдаг. Хожим мөрдлөгийн явцад цагдаа нар тэдгээр оюутныг Guerreros Unidos хэмээх хар тамхины бүлэглэлийн дээрэмчдэд хүлээлгэн өгснийг тогтоосон байна. Харин уг бүлэглэлийн гишүүд залуусыг хөнөөж, цогцсыг нь шатаасан тухай мэдүүлжээ. Гэмт хэрэгтнүүд хэргийн ул мөрийг үгүй хийхийн тулд цогцсуудыг том нүхэнд хийж, 14 цагийн турш шатаасны дараа буталж, жижиглээд голд урсгаснаа хүлээсэн аж. Анх оюутнуудыг Игуала хотын дарга Хосе Луис Абаркийн тушаалаар саатуулжээ. Про­ куроруудын мэдээлснээр тэр­ бээр эхнэрийг нь олны өмнө үг хэлэхэд саад болно хэмээн сэргийлж, оюутнуудыг саатуулах тушаал өгсөн аж. Мексикийн эрх баригчид гэмт хэргийн эздийг саатуулж, өргөн цар хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч оюутнуудын төрөл төрөгсөд ойр дотны хүмүүс нь амь үрэгдсэн гэдэгт итгэхийг хүсэхгүй, мөрдлөгийн үр дүнд итгэхгүй байгаа аж. Иймээс тэд бие даасан гадны байгууллагаар мөрдөх ажлыг давхар хийлгэхийг шаарджээ. Үүнтэй холбоотойгоор Мексикийн Засгийн газраас Америк тив дамнасан Хүний эрхийн комисстой мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулсан байна. Түүнчлэн шатсан цогцоснуудын үлдэгдлийг Австралийн Инсбрук дэх Их сургуулийн лабораторид илгээжээ. Тус лабораторид 2004 онд Зүүн Өмнөд Азид болсон цунамид амь үрэгдэгсэд болон Оросын сүүлчийн хааны хүүхдүүдийн цогцсыг таних ажил хийж байсан юм. Энэ бүх хэрэг явдал Ерөнхийлөгч Энрике Пена Ниетогийн Засгийн газрын нэр хүндийг нэлээд унагажээ. Үүний улмаас ард иргэд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэл, хар тамхины бүлэглэлүүдтэй хийж буй тэмцэлд анхаарах нь багасчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Пена Нието энэ долоо хоногт Бээжинд болсон АПЕК­ийн уулзалтад оролцохоор явахад түүнийг “Гадаадад зугаалж явахын оронд эх орондоо байж, эмх замбараагүй байдлыг намжаах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл гарч байв. Мөн иргэдийн нэг хэсэг түүнийг зөвхөн бизнесийнхний эрх ашгийг бодож, гэмт хэргийн бүлэглэлүүд улс орныг нь эзэрхийлж байгааг ойшоохгүй байна гэж мэдэгджээ.  

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)