“Их 20”-ийн удирдагчид эдийн засгийг өсгөх талаар тохиролцлоо

 “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид 2018 он гэхэд эдийн засгаа нэмэлт 2.1 хувиар өсгөх шинэчлэлийн арга замуудын талаар ярьж тохирчээ. “Энэ нь дэлхийн эдийн засагт нэмж хоёр их наяд ам.доллар авчирч, хэдэн сая ажлын байр бий болгоно” хэмээн “Их 20”-ийн уулзалтын эцсийн баримт бичигт өгүүлсэн байна. Энэ үйл явдлыг Дэлхийн банкны тэргүүн К.Лаггард ихээхэн үр бүтээлтэй болсон хэмээн үнэлсэн байна. К.Лаггард “Худалдаа бол дэлхийн улс төрийн асуудлын амин чухал хэсэг ба энэ салбарт интеграцчилах замаар ашиг олох асар их нөөц боломж байна” гэжээ. Тэрбээр дээд хэмжээний уулзалтад оролцогсод худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн анхаарсныг магтсан аж. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдэд учирдаг саадыг арилгаснаар 100 гаруй сая эмэгтэй ажлын байртай болж, дэлхийн эдийн засгийг өсгөх, ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгахад хувь нэмрээ оруулна гэдгийг Дэлхийн банкны тэргүүн сайшаасан аж. “Их 20”-ийн дараагийн уулзалт 2016 онд Хятадад болох тухай эцсийн баримт бичигт тусгажээ. Үүнээс гадна энэ онд Австрали тус уулзалтыг тэргүүлсэнд талархал илэрхийлсэн мэдэгдэл багтаасан байна. “Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг хэлэлцдэг томоохон уулзалт юм. Уг бүлэгт нийт19 орон болон Европын холбоо ордог. Анх 2008 онд гарсан эдийн засгийн хямралын дараа томоохон эдийн засагтай улс орнууд хямралаас гарах нэгдсэн бодлого баримтлах шаардлага тулгарснаар энэ нэгдэл бий болсон юм.

 

В.Путин уулзалтыг дуусгалгүй буцжээ

Ерөнхийлөгч В.Путин “Их 20”-ийн уулзалтыг дуусахаас өмнө ням гаригийн өглөө Австралиас явж, Оросын Сангийн сайд Д.Силунавов түүнийг орлож үлджээ. В.Путин явахынхаа үеэр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр хуралд оролцогч бусад орны төрийн тэргүүнүүд ажил байдалтай өглөөний цайнд орж байсан аж. Оросын Ерөнхийлөгч Австралийн Брисбен дэх уулзалт найрсаг ажил хэрэгч байдалд болж байгааг өгүүлсэн байна. Тэрбээр хурлыг дуусаагүй байхад орхиж явах болсноо ажлын хуваарь давчуу, дээр нь унтаж амрах шаардлагатай гэдгээр тайлбарласан гэнэ. В.Путин “Бид эндээс Владивосток хүртэл есөн цаг, тэндээсээ Москва ортол дахиад есөн цаг ниснэ. Дараа нь гэртээ харьж амраад даваа гаригт ажилдаа гарах хэрэгтэй болно. Ядахдаа л дөрөв, таван цаг унтах хэрэгтэй байна” хэмээн сэтгүүлчдэд өгүүлжээ. Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн бямба гаригт Украины нутаг дахь Оросын түрэмгийллийг дэлхий нийтэд учирсан аюул хэмээн нэрлэсэн байна. Энэ үеэр тэрбээр ОХУ-ыг Малайзын “Боинг“ онгоцны осолд шууд буруутгасан аж. Түүнчлэн “Их 20”-ийн уулзалтын үеэр барууны орны удирдагчид Оросын эсрэг нэмж эдийн засаг хориг арга хэмжээ авч болзошгүй тухай мэдэгдсэн юм. Гэхдээ “Их 20”-ийн албан ёсны уулзалтууд дээр Украины асуудлыг хөндөөгүй. Харин хоёр талын уулзалтууд дээр уг асуудлыг хөндсөн боловч талууд нэгнээ ойлгосон тухай В.Путин мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Австралийн Ерөнхий сайд Т.Эббот, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар гурван талын уулзалт зохион байгуулж, Украин дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын талын бодлогыг эрс шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Тэд уг мэдэгдэлдээ Оросын тал Крымийн хойгийг эзлэн түрэмгийлж, Украины зүүн бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох үйлдэл хийж байгааг буруушааж, Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн буруутнуудыг хуулийн хариуцлагад татахыг шаардсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)