Орос улс сансрын станц шинээр байгуулна

Орос ойрын үед сансарт сансрын шинэ станц байгуулах төлөвлөгөө боловсруулж эхэлснийг тус улсын “Коммерсант” сонинд өгүүлжээ. Сансрын шинэ станцыг 2017-2019 онд олон төрлийн модулийг хооронд залгаж, угсрах аргаар байгуулах аж. Түүнчлэн шинэ станц руу “Союз-МС”, “Прогресс-МС” хөлгийн тусламжтайгаар зорчигч, хэрэгцээт ачааг тээвэрлэх гэнэ. Шинэ станцийн тойрог зам дэлхийн умард хэсгийн дээгүүр өнгөрөх тул Оросын нутгийн 90 хувь, Арктикийн бүс нутгийг сансрын хөлгөөс ажиглах боломжтой болно. Харин Олон улсын сансрын станц (ОУСС) дээрээс Оросын нутгийн ердөө таван хувийг харах боломжтой аж. Шинэ станцыг цаашид саран дээр дэд бүтэц байгуулахад ашиглах сансрын шинэ хөлгүүдийг сорих туршилтын талбар, саран дээр хүрэх дамжлага бааз болгох төлөвлөгөө боловсруулжээ. Өн-гөр сөн тавдугаар сард Орос, Америкийн харилцаа нэлээд хурцдах үеэр Ерөнхий сайдын орлогч Д.Рогозин ОХУ ОУСС-ыг ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгалгүйгээр уг төслөөс сул чөлөөтэй үлдэх хөрөнгийг сансар судлалын бусад төсөлд зарцуулж болзошгүй тухай мэдэгдсэн юм. Үүний хариуд АНУ-ын зарим албан тушаалтан шаардлага гарвал ОУСС-ын үйл ажиллагаанд нэн чухал Оросын модулийг булаан авч болох тухай ярьсан аж. Харин энэ сарын эхээр “Роскосмос”-ын удирдагч О.Останпенко ОУСС-ын ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгах эсэх шийдвэрээ энэ оны эцэс гэхэд гаргана гэдгийг НАСА-ийн тэргүүн С.Болденд мэдэгджээ.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.106.133)

    2014-11-19

    Teneguud bulaana ch geh shig,,, unen sanaagaa haruulj bna daa, chadahgui bizee