Милош Земан: Украинд эдийн засгийн тусламж олгох нь одоохондоо утгагүй
- 2014-11-18
- Дэлхий
- 0

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан “Украинд иргэний дайн болж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид дэмжлэг үзүүлэх тухай мөрөөдөж суух хэрэггүй. Учир нь иргэний дайн болж байгаа нөхцөлд эдийн засгийн тусламж үзүүлэх нь утгагүй, хөрөнгө дэмий үрсэн хэрэг юм” хэмээн Оросын телевизийн “Нэгдүгээр суваг”-т өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Украины хямрал хэр удаан үргэлжлэх талаар асуухад тэрбээр тус улс удахгүй төлбөрийн чадваргүй болох магадлалтай байгаагаас өөрсдийгөө аливаа хариуцлагаас чөлөөлөхийн тулд байнга дайсан эрэлхийлэх шаардлагатай болсныг тайлбарлажээ. Энэ тухайд Милош Земан “Украин улс төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй. Ийм эрсдэл байгаагүй бол тус улсад ойрын хэдэн сарын хугацаанд энхтайван тогтоно гэж таамаглаж болох байсан боловч засаг төр нь төлбөрийн чадваргүй болох эрсдэл саад болж байна. Ийм тохиолдолд муу бүхний үр дагаврыг манай дайснууд үүрэх ёстой. Тийм дайсангүй байсан ч хэн нэгнийг олох шаардлага тулгарсан. Дампуурна гэдэг байнга л бусдад үүрүүлэх хариуцлага байдаг” гэжээ. Үүнээс гадна Чехийн Ерөнхийлөгч талууд хамтран ажиллахгүй ч гэсэн ядахдаа эх орондоо хохирол учруулахгүй байх хэрэгтэйг хэлсэн аж. Украин орон улс төрийн гүн хямралд орсон нь эдийн засаг, санхүүгийнх нь төлөв байдалд хүндээр тусч, Засгийн газар нь үндсэндээ төлбөрийн чадваргүй болсон аж. Украины эрх баригчид “Энэ онд ДНБ-ий хэмжээ таван хувиар буурна” гэсэн таамаг дэвшүүлсэн бол Европын хөгжил, шинэчлэлтийн банкнаас долоон хувиар хорогдоно гэж үзжээ. Түүнчлэн Украины Үндэсний банкнаас энэ онд инфляци 17 хувьд хүрнэ хэмээн тооцоолсон байна. Киев дэх шинэ эрх баригчид эдийн засгаа гадны зээл, тусламжаар аварна гэсэн найдвар тээдэг. Олон улсын валютын сангаас Украинд нийт 17 тэрбум ам.долларын зээл олгохоор амласнаас өнгөрсөн тавдугаар сард 3.2 тэрбум, есдүгээр сард 1.39 тэрбум ам.доллар олгожээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(202.21.106.133)
Dundiin zuv dugnelt