Персийн булангийн орнууд зөрчилдөөнөө зохицуулав

Персийн булангийн бүс нутагт орших Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират болон Бахрейны эрх баригчид Катар улстай зөрчилдөөнтэй байсан асуудлуудаа зохицуулсан тухай мэдээлжээ. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өнгөрсөн ням гаригт болсон энэхүү шуурхай хуралдааны үеэр дээрх гурван орны удирдагчид Катар улсад Элчин сайдуудаа дахин ажиллуулахаар болсон байна. Урьд нь Катарын эрх баригчид Бахрейны сөрөг хүчнийхэнд дэмжлэг үзүүлсэн зэрэг үйлдлээрээ хөрш орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн гэрээг зөрчсөнтэй холбоотойгоор дээрх орнууд Катар улс дахь Элчин сайдуудаа эгүүлэн татсан юм. Катарын эрх баригчид Персийн булан дахь Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн (ПБАОХАЗ) гишүүн орнуудын эсрэг үйл ажиллагаагаа зогсооно гэсэн амлалт өгснөөр дээрх уг зөрчилдөөнийг зохицуулж чадсан байна. ПБАОХАЗ-ийн дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа болдог ба дараагийн уулзалт ирэх оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Катарын нийслэл Дохад болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)