Дэлхийн дулаарал цагаан баавгайг заналхийлэв
- 2014-11-19
- Дэлхий
- 0

Дэлхийн дулаарлын улмаас Хойд Америкийн цагаан баавгайн тоо толгой сүүлийн арван жилийн хугацаанд хоёр дахин буурчээ. АНУ-ын Газарзүйн нийгэмлэг, Канадын Байгаль орчны яам 2001 оноос эхлэн Ютон, Аляска болон Канадын баруун хойд нутагт хамтарсан судалгаа хийжээ. Арван жилийн судалгааны явцад цагаан баавгайн тоо толгой ойролцоогоор 1600 байснаа 900 хүртэл буурсан аж. Эрдэмтэд 2004-2007 онд цагаан баавгайн хорогдлыг бүрэн тайлбарлаж чадахгүй байв. Энэ хугацаанд тусгай шошго зүүсэн цагаан баавгайн 80 бамбаруушаас хоёр нь эсэн мэнд үлджээ. Судалгааны баг өнгөрсөн даваа гаригт гаргасан тайландаа цагаан баавгайн хорогдлын гол буруутныг дэлхийн дулаарал гэж үзжээ. Хойд мөсөн далайн мөс хайлснаас цагаан баавгай уламжлалт идэш тэжээл хомсдож тоо толгой цөөрөхөд хүрчээ. Хэрвээ дэлхийн дулаарал үргэлжилж Арктикийн мөс энэ хэмжээгээр хайлбал цагаан баавгайн төрөл 60-70 хувиар хорогдоно гэдгийг тус судалгааны багийн тайланд дурьджээ.
Х.ЗАЯА

Сэтгэгдэл (0)