“Исламын улс” эзэлсэн нутагтаа төр, засгийн бүтэц бий болгожээ
- 2014-11-19
- Дэлхий
- 0
“Исламын улс” нэртэй алан хядагч байгууллага өөрийн хяналтад буй Ирак, Сирийн газар нутагт төр, улсын бүтэц бий болгож эхэлжээ. Үүнийг тусгай ажиллагаа явуулах үеэр алан хядагчдын нэгнээс нь хураасан баримт бичиг илтгэж байгаа аж. Эдгээр бичиг баримтыг Иракийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэлд дээрээсээ хоёр дахь байр суурь эзэлдэг Цэргийн асуудал эрхэлсэн сайд Абдель Рахман аль-Билавигээс олж авсныг Германы “Sьddeutsche Zeitung” сонинд өгүүлсэн байна. Эдгээр баримтыг судалсны үндсэн дээр бүлэглэлийн тухай урьд нь тодорхой бус байсан олон зүйл ил болжээ. Тухайлбал, тус бүлэглэл хүмүүст мөнгөн тэтгэмж олгож, иргэдийг хөдөлгөөндөө татан оруулдаг байна. “Исламын улс” бүлэглэлээс нийгмийн халамжид олгодог хөрөнгө зэвсэг худалдан авах зардлаас илүү аж. “Исламын улс” бүлэглэл нь хяналтдаа авсан газар нутгаа нийт есөн мужид хувааж, тус бүрт нь төсөв хуваарилдаг болжээ. Харин мужууд сар бүр орлого, зарлагаа удирдлагадаа тайлагнадаг боловч харьцангуй бие даасан шинжтэй аж. Баян чинээлэг мужууд орлогынхоо нэг хэсгийг орлого багатайдаа тусламж хэлбэрээр олгодог байна. Түүнээс гадна орон нутгийн улс төрийн нөхцөл байдал, тухайлбал, суннит шашинтнууд “Исламын улс”-д хэрхэн хандаж байгааг тогтмол мэдээлдэг журамтай аж. Дээрх баримт бичгүүдээс үзэхэд тус бүлэглэлийн гишүүд Иракийн нутагт халдан довтлохоосоо өмнө тус улсын авлигач түшмэдийн тусламжтайгаар америкийн орчин үеийн зэр зэвсэг, шөнийн дуран зэрэг тусгай техник хэрэгсэл олж авсан байжээ. АНУ-ын “Форбес” сэтгүүлээс саяхан “Исламын улс” хөдөлгөөнийг хамгийн баян алан хядах бүлэглэлээр тодорхойлж, жилийн орлого нь хоёр тэрбум ам.долллар хэмээн зарласан билээ. Тэд уг орлогын дийлэнх хэсгийг хяналтдаа авсан газар нутгаас олборлосон газрын тосны борлуулалтаас олдог аж. Үүнээс гадна тус нутагт үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмэнүүдээс 50 мянга хүртэл ам.доллларын татвар авдаг байна. Шинэ баримт бичгүүдийн дунд “Исламын улс”-ын зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсэгт хүчний тусгай бүртгэлд цэргийн албан хаагчдыг “цэрэг”, “дайчин” юм уу “эмир” хэмээн ангилж, ямар зэвсэгтэй болохыг бичсэн аж. Мөн тусгай хэсэгт дайчдын мэдлэг чадвар, өвчтэй, чөлөөтэй байсан хугацааг бүртгэж, онцгой гавьяа байгуулсан тохиолдолд тусгай шагналт цалин олгодог байна. Тухайлбал, нэг мэргэн буучид байшин барьж өгсөн нь тус бүртгэлд орсон байжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(112.72.13.71)
Шударга л хүмүүс байна манай хэдээс илүү л юм байна