Омгоо “Skype”-аар удирддаг хаан титмээ хулгайд алджээ
- 2014-12-01
- Дэлхий
- 0

Африкийн томоохон омгийн тэргүүн 66 настай Тогбе Нгорьифии Сефаса Коси Бансы Герман дахь гэртээ ирэхэд хааны эрх мэдлийн нь бэлгэ тэмдэг болсон дөрвөн ширхэг титэм хулгайд алдагдсан байжээ. Үүнээс гадна түүний өвөг эцгээс удам дамжин ирсэн алтан гинж хулгайчдын гарт орсон тухай Их Британийн“The Times” сонинд өгүүлсэн аж. Африкийн Гана улсын эве омгийн тэргүүн Германд анх1970 онд оюутан солилцоогоор очиж, автын механикаар ажиллаж байгаад тэндээ суурьшихаар шийдвэрлэсэн гэдэг. Тэрбээр одоо Франкфуртаас холгүй автомашины засварын газар эзэмшдэг бөгөөд цагтаа мэргэжлийн боксоор хүртэл оролдож байж. Өвөө нь 1992 онд нас барсны дараа түүнийг омгийн тэргүүнээр сонгосон байна. Гэвч тэрбээр ижил дасал болсон Герман орноо орхихыг хүсээгүй тул, технологийн дэвшлийг ашиглан нийт 200 мянган албатаа Германаас удирдахаар шийдвэрлэжээ. Үүний тулд тэрбээр нийгмийн “Skype” цахим үйлчилгээг эзэмшиж, орой бүр хэдэн цагийн турш интернэтээр дамжуулан омгийнхныхоо санал гомдлыг сонсч, өдөр тутмын нь ажлыг залдаг аж. Тэрбээр сардаа хоёр удаа төрөлх эх орондоо очиж, омгийнхондоо багаж хэрэгсэл зэрэг хэрэгцээт зүйлсийг нь хүргэдэг байна. Омгийн тэргүүн герман эхнэрээ тэтгэвэрт гармагц удахгүй Гана улсдаа бүрмөсөн очиж амьдрахаар төлөвлөжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)