Венесуэлийн Ерөнхийлөгч цалингаа бууруулна
- 2014-12-01
- Дэлхий
- 0
Венесуэлийн эрх баригчид газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор төсвийн зардлаа бууруулахаар болжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Н.Мадуро өнгөрсөн баасан гаригт телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Тэрбээр төрийн зардлыг танаж, зохистой хэмжээнд хүргэх асуудал эрхлэх тусгай ажлын хэсэг байгуулснаа мэдэгдэж, төрийн томоохон албан тушаалтнууд, тухайлбал, өөрийнхөө цалинг бууруулахаас эхэлнэ гэдгээ хэлжээ. Түүнчлэн “Албан хэрэгцээнд худалдан авах автомашины талаар баримтлах бодлого өөрчлөгдөнө” гэсэн аж. Н.Мадуро “Би хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн албадад машин худалдан авч хүнд сурталтнуудад авч өгөхгүй” гэжээ. Гэхдээ тэрбээр нийгмийн халамжид зарцуулах төсөв, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ, орон сууц барихад зориулж олгодог дотацийг бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Н.Мадуро “Би ард түмэндээ Венесуэлийн хүүхдүүд хичээл завсардаж, хүнс, нийгмийн халамжаар гачигдахгүй гэдгийг баталж байна” гэжээ. ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо бууруулахаас татгалзсаны дараа Венесуэлийн газрын тосны үнэ70 ам.доллараас буурчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)