Х.Мубаракт тулгасан ялыг хэрэгсэхгүй болгожээ
- 2014-12-01
- Дэлхий
- 0
Египетийн Ерөнхийлөгч асан Х.Мубаракийг дахин шүүх ажиллагааны үеэр түүнд өмнө нь тулгаж байсан хэд хэдэн зүйл ангийг хүчингүй болгожээ. Тухайлбал, Х.Мубарак болон түүний аюулгүйн албаны долоон ажилтныг Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр800 гаруй хүний амь нас үрэгдсэн хэрэгт буруутгасан ялыг хэрэгсэхгүй болгосон байна. Каирт2011 онд болсон уг жагсаалын тухай хэргийг Египетийн Цагдаагийн академийн байранд хэлэлцсэн бөгөөд Ерөнхийлөгч асныг тус байрнаас дамнуурган дээр гарган нисдэг тэргээр авч явсан аж. Үүнээс гадна Х.Мубаракийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан, Израильд шатдаг хий хэт хямд үнээр экспортолсон зэрэг зүйл, заалтаар ялласныг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ авлигын хэргээр авсан гурван жилийн ял нь хэвээр юм. Х.Мубаракийг анхны шүүх хурлаас гэм буруутай хэмээн үзэж, бүх насаар нь хорих ял оноосон. Гэвч иргэдийн нэг хэсэг нь шийтгэлийг хөнгөдсөн хэмээн үзэж, цаазаар авахыг шаардаж байсан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)