Хонконгод эсэргүүцлийн тэмцэл ширүүсэв
- 2014-12-02
- Дэлхий
- 0
Хонконгод ардчилсан хөдөлгөөний идэвхтнүүд өнгөрсөн хоёр өдрийн турш цагдаа нартай мөргөлдөж, төрийн байгууллагуудыг бүслэн хаахыг оролджээ. Жагсагчид нарны шүхрээр зэвсэглэн цагдаа нартай тулалдсан бол хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэсэн байна. Хонконгийн эрх баригчид эсэргүүцэгчдийн босгосон хотхон, хориглолтуудыг өнгөрсөн долоо хоногт буулгаж эхэлсний дараа сөргөлдөөн ийнхүү дахин ширүүссэн юм. Гол төлөв оюутнуудаас бүрдсэн эсэргүүцэгчид Бээжингийн эрх баригчдаас 2017 онд болох бүх нийтийн сонгуульд хатуу хяналт тавьж, нэр дэвшигчдийг урьдчилан батална гэсэн шийдвэрээ цуцлахыг шаардсан. Хятадын эрх баригчид өмнө нь удаа дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийхний шаардлагад буулт хийж, 2017 онд бүх нийтийн сонгууль явуулахыг зөвшөөрчээ. Гэхдээ сонгуульд оролцох нэр дэвшигчдийг урьдчилан сонгон шалгаруулна гэсэн болзол тавсан аж. Хятадын эрх баригчид саяхан Их Британийн парламентын төлөөлөгчдийг Хонконгод хүрэлцэн ирж, хоёр талын харилцааны асуудлаар тусгай мөрдлөгө явуулахыг зөвшөөрсөн байна. Хонконгод уржигдар орой эсэргүүцлийн хөдөлгөөнийнхөн цуглаан хийж, удирдагчид нь оюутнуудад хандан эрх баригчдад тавьсан шаардлагаа биелүүлэхийн тулд тэмцлээ эрчимжүүлэхийг уриалжээ. Цуглааны дараа залуус Хонконгийн хотын захиргаа байрладаг гудамжинд очиход цагдаа нар тэднийг угтсан байна. Хөдөлгөөний удирдагчдын нэг Алекс Чоу энэ үеэр “Энэ үйл ажиллагаа нь Засгийн газрын ажлыг зогсоох зорилготой. Засгийн газар дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулж байгаа болохоор бид төрийн байгууллагууд, эрх мэдлийн бэлгэ тэмдгийг бүсэлж, шахалтаа нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Харин цагдаагийн газрын төлөөлөгч тус дүүргийг эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдээс чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн байна. Монкок хэмээх худалдааны дүүрэгт эсэргүүцэгчдийн босгосон майхан хотхонг өнгөрсөн долоо хоногт буулгах үеэр зуу гаруй хүнийг баривчилжээ.
ХОНКОНГ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮҮХ
-1984 он. Их Британи, Хятад хоёр Хонконгийг 1997 онд Хятадад шилжүүлснээс хойш 50 жилийн хугацаанд гадаад бодлого, батлах хамгаалахаас бусад салбарт дээд зэргийн өөртөө засах эрх олгох тухай гэрээ байгуулсан.
-2014 оны зургаа, долдугаар сар. Ардчилсан үзэлтэй оюутнууд улс төрийн шинэчлэлийн асуудлаар албан бус бүх нийтийн санал асуулга явуулж, цуглаан зохион байгуулсан.
-2014 оны наймдугаар сарын 31. Хятадын эрх баригчид хотын тэргүүнийг бүх нийтийн сонгуулиар шалгаруулахыг зөвшөөрч, нэр дэвшичдийг урьдчилан батална гэсэн болзол тавьсан байна.
-2014 оны есдүгээр сарын 22. Оюутны хөдөлгөөнүүд дунд сургууль, дээд сургуулиудад нэг долоо хоногийн турш хичээл хаялт зохион байгуулсан.
-2014 оны есдүгээр сарын 28. Оюутнууд төрийн байгууллагууд байрладаг хотын төв хэсгийг эзэлжээ. Эрх баригчид болон оюутны хөдөлгөөний удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээр үр дүнгүй болсон байна. Шүүхээс майхан хотхонуудыг буулгах шийдвэр гаргаж эхэлсэн аж.
-2014 оны арваннэгдүгээр сарын 15. Оюутны хөдөлгөөний удирдлагуудаас Бээжинд очиж, эсэргүүцлээ илэрхийлэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн.
-2014 оны есдүгээр сарын 18. Шүүхийн тогтоол биелүүлэгчид жагсагчдын цуглардаг Далайн хэрэг эрхлэх газрын ойр орчмын талбайг чөлөөлж эхэлжээ.
-2014 оны есдүгээр сарын 26. Монкок дүүрэг дэх оюутны хотхоныг буулгах зуу гаруй оюутныг үеэр баривчилсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)