Матео Ренци хүнд сорилтой тулгарчээ
- 2014-12-04
- Дэлхий
- 0

Италийн Депутатуудын танхимаас өнгөрсөн ням гаригт Ерөнхий сайд Матео Ренцигээс санал болгосон 2015 оны төсвийг өнгөрсөн ням гаригт баталсан тухай “Ройтерс”-оос мэдээлжээ. Ирэх онд татварыг бууруулах зорилготой уг төсвийн төслийг Сенатад хэлэлцсэнээр энэ оны эцэст батлах ёстой. Ерөнхий сайдын өгүүлснээр уг төсвийн төсөл нь зургаан жилийн хугацаанд Итали улсад гурав дахиа тохиож буй эдийн засгийн хямралын ангалаас гаргах үүрэгтэй гэнэ. Гэвч тус улсын эрх баригчид Засгийн газраас хуримтлуулсан их хэмжээний өрийн дарамтыг бууруулах талаар дорвитой ажил хийсэнгүй гэх Европын комиссын шүүмжлэлтэй тулгараад байна. Италийн парламентын доод танхим төсвийн төслийг 324 саналаар баталсан бол 108 гишүүн эсрэг санал өгснөөс гадна хууль тогтоогчид Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар амралтын өдрүүдэд гурван удаа санал хураасан аж. Италийн гүйцэтгэх засаглалын-хан тодорхой хуулийн төслийн хэлэлцүүлгийг шуурхайлж, түргэн батлуулахын тулд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт эхлүүлэх нь түгээмэл бөгөөд амжилтгүй болсон тохиолдолд огцордог уламжлалтай. М.Ренци хэд хэдэн намаас бүрдсэн эвслийг төлөөлж байгаа болохоор өмнөх Италийн өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад энэ аргыг илүүтэйгээр хэрэглэжээ. Төсвийн төсөл нь бизнес эрхлэгчдэд болон орлого багатай иргэдэд ногдуулах татварыг бууруулж, үүний үр дүнд гарах алдагдлыг Засгийн газрын өрөөр хаахаар төлөвлөхдөө төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтэрч болохгүй хэмээн Европын холбооноос хязгаарлалтын хүрээнд ажиллахыг зорьсон байна. Матео Ренци төсвийн алдагдлыг ДНБ-ий 1.8 хувьтай байгааг өсгөж, 2.9-д хүргэхээр тооцоолсон төслөө анх өнгөрсөн есдүгээр сард танил-цуулах үед Брюссель дэх Европын холбооны удирдлагууд хүлээн зөвшөөрөх эсэх талаар улс төрийн хүрээнд нэлээд эргэлзээ төрүүлсэн аж. Харин өнгөрсөн долоо хоногт Брюссель дэх Европын комиссын удирдлагаас Итали, Франц, Бельгийн ирэх оны төсвийн төсөл нь төрийн санхүүгийн төлөвлөлт хэрэгжих баталгаатай байх ёстой гэсэн холбооны дотоод журмыг зөрчих эрсдэлтэй болохыг өгүүлж, эцсийн шийдвэрийг ирэх оны гуравдугаар сард гаргахаа мэдэгджээ. Италийн Ерөнхий сайд Европын комиссын удирдлагууд ийм байр суурь баримтална гэдгийг таамаглаж, ирэх оны төсвийн өмнөх хувилбар дахь алдагдлыг 4.5 тэрбум евро буюу ДНБ-ий 0.3 хувьтай дүйцэх хэмжээгээр бууруулсан байна. Гэвч Европын комиссын ажлын тайланд Итали улс зардлаа бууруулах арга хэмжээ авч, нэмж 4.8 тэрбум евро танахгүй бол М.Ренцигийн санал болгосон арга хэмжээ зохих үр дүнд хүрэхгүй гэдгийг өгүүлжээ. Италийн парламентаас энэ оны хоёрдугаар сард Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталснаар Ардчилсан намын тэргүүн 39 настай Матео Ренциг тус улсын хамгийн залуу Ерөнхий сайд эвслийн засгийг тэргүүлэх болсноор шинэчлэлийн бодлогыг эрчимтэй явуулах байр суурь баримтлагчид ялалт байгуулсан юм. Тэрбээр үүний өмнө Флоренц хотын даргаар ажиллаж байсан эрч хүчтэй улстөрч бөгөөд өөрийн намын гишүүн өмнөх Ерөнхий сайдыг огцруулах санаачлагыг гаргасан аж. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр батлагдсаныхаа дараа тэрбээр шинэчлэлийн бодлого явуулж, цалингийн санд ногдуулах зэрэг олон төрлийн татварыг бууруулж, татварын тогтолцоог дорвитой өөрчлөхөө амлажээ. Түүнчлэн ханган нийлүүлэгчдэд төсвөөс олгох ёстой хуримтлагдсан өглөгийг барагдуулж, өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг бууруулна гэдгээ хэлж байв. Гэвч тэдгээр амлалтаа биелүүлэх нь тийм ч амар ажил биш болохыг өөрийн биеэр амсч байна. Өрийг тооцоолох аргачлал олон янз байдаг ч тус улс Европтоо хамгийн их өртэй орны тоонд ордог. Тухайлбал, Италийн Засгийн газрын өр 2.07 их наяд евро буюу ДНБ-ийх нь 133 хувьтай тэнцдэг тул энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол одоогийн улстөрчдийн үр, ач нарын үед ч төлөөд барахааргүй аж. Тэрбээр энэ талаар “Хойч үеэ хүндэтгэх үүднээс сүүлийн хэдэн арван жилд олон нийтийн хөрөнгийг ухаангүй зарцуулж байсныг өөрчлөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан юм. Италийн эдийн засаг сүүлийн жилүүдэд маш бага хэмжээгээр өсч, заримдаа буурч байснаас 2013 онд ДНБ-ийх нь хэмжээ 2000 оныхоос буурсан дүнтэй гарсныг ОУВС-ийн мэдээлэлд дурдсан байдаг. Италийн парламентын сон-гуулиар өнгөрсөн онд бий болсон улс төрийн хүчний харьцаа зүүний болон барууны чиг баримжаатай хүчний аль нэг нь дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй болгосон. Зүүн төвийнхөн парламентын доод танхимд олон суудал авсан нь ард иргэд хямралаас гарахын тулд хэмнэх бодлого явуулж, жирийн иргэдийн амьжиргааг дордуулах арга зам сонгосон эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэний илрэл гэж үздэг. Улмаар тус бүр 30 орчим хувийн санал авсан зүүн төвийн байр суурьтай Ардчилсан нам, “Шинэ баруун төв”-ийн төлөөлөгчдөөс бүрдсэн Засгийн газар бий болж, Матео Ренци сайд нарын суудлын олонхийг хамтрагчдадаа буюу хуучин С.Берлусконигийн тэргүүлж байсан намынханд өгсөн аж. Учир нь, өнгөрсөн оны сонуулиар зүүн төвийнхөн Засгийн газрыг бүрдүүлдэг парламентын доод танхимд хяналтаа тогтоосон бол баруун төвийнхөн Сенатад хяналтаа тогтоосноор Засгийн газрын аливаа ажилд саад учруулах боломжтой болсон юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)