Ундны усгүй болсон Мальдивт шуурхай тусламж үзүүлэв

Хятадын эрх баригчид ундны усгүй болсон Мальдив руу цэнгэг ус ачсан хөлөг онгоц явуулж, шуурхай тусламж үзүүлсэн тухай “Синьхуа” агентлагаас мэдээлжээ. Энэтхэгийн далайд орших Мальдив улсын нийслэл Мале хот дахь ус цэвэршүүлэх үйлдвэрт гал гарснаас 100 мянган орчим хүн түр хугацаанд ундны цэвэр усгүй болсон байна. Мальдивийн эрх баригчид Хятад, Энэтхэг, Шри-Ланка, АНУ-аас яаралтай тусламж хүссэн гэнэ. Хятадын хөлөг онгоцонд нийт 960 тонн ус ачсаныг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн бол тус улсын Гадаад хэргийн яамнаас иргэний агаарын тээврийн нисэх онгоцоор 20 тонн савласан цэвэр ус илгээснээ бямба гаригт мэдэгдсэн байна. Үүнээс гадна Энэтхэгийн тал таван нисэх онгоцоор ундны ус, хоёр хөлөг онгоцоор ус цэвэршүүлэх үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл илгээснээ мэдээлсэн байна. Мальдив нь Энэтхэгээс баруун урд зүгт нийт 1190 жижиг хэсгээс бүрдэх бүлэг шүрэн арал дээр оршдог. Эдгээр арал дээр нийт 400 мянган хүн амьдардгаас олонхи нь Исламын шашинтан юм. Тус улсад жилдээ нийт 750 мянган жуулчин очдог. Дэлхийн дулаарлын улмаас далайн түвшнээс нэг метр гаруйн өндөр орших энэ улс ойрын жилүүдэд усан дор орох тул эрх баригчид нь Энэтхэг юмуу хөрш зэргэлдээ орнуудад газар нутаг худалдан авч, иргэдээ нүүлгэх төлөвлөгөөтэй аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)