В.Путиний сулласан хоёр бар хятад тариачдыг түйвээжээ
- 2014-12-08
- Дэлхий
- 0

Амар мөрний сав газарт өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч В.Путиний ёслол төгөлдөр сулласан хоёр бар Хятадын хил давж, нутгийн хятад тариачдын “толгойн өвчин” болсныг АНУ-ын“NBC” сувгаас мэдээлжээ. В.Путиний сулласан хоёр бар тэр хавийн фермерүүдийн мал сүрэгт халдаж, нэлээд хэдэн ямаа бусад амьтныг нь зооглосноос нутгийн эрх баригчид тэдгээр аж ахуйг хамгаалалтдаа авахад хүрсэн байна. Устин нэртэй бар тариачдын 18 ямааг идсэн бол түүнээс нэг сарын өмнө хил давсан Кузя хэмээх хоёр дахь бар нутгийн тариачдын тахиануудын амтанд оржээ. Хоёр барын хүзүүнд радио дохио дамжуулагч бэхэлсэн тул хаана яваааг нь тодорхойлох боломжтой гэнэ. Тухайлбал, хэд хоногийн өмнө Устинийг удаа дараалан ажиглаж, шатахуун дамжуулах станцын ойролцоо цасан дунд нуугдаж байгаа видео бичлэгийг Хятадын цагдаа нар хийсэн байна. Дэлхий даяар нийт 350 гаруй Амар мөрний бар үлдсэнээс олонхи нь Оросын Алс Дорнодын бүс нутагт оршдог аж. Хятадын эрх баригчид хоёр барыг нутгийн тариачид агнахаас сэргийлэн сануулга гаргаж, ховор амьтдыг хамгаалтдаа авчээ. Гэвч нийгмийн цахим сүлжээнд“Эдгээр амьтдыг агнаж, нутгийн иргэдийг айдсаас ангижруулах хэрэгтэй”, “Энэ хоёр бол Оросын тагнуулын үүрэг гүйцэтгэж байна” гэх зэрэг бичвэрүүд гарах болсон байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)