Хар шуурганы бүсээс сая гаруй хүн нүүлгэжээ
- 2014-12-09
- Дэлхий
- 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппинийг дайрч өнгөрсөн “Хагупит” хар шуурганы бүсээс нүүлгэн шилжүүлсэн хүний тоо нийт нэг саяд хүрснийг тус улсын Онцгой байдлын үед удирдах төвөөс мэдээлжээ. Гамшгийн улмаас өчигдрийн байдлаар дөрвөн хүн амь насаа алдсанаас Илоило мужид хоёр хүн осгож нас барсны нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж. Филиппиний төвийн бүс нутагт хэд хэдэн газар хөрсний нуранги болж, цахилгаан хангамж, зам харилцаа тасалдах тохиолдлууд гарсан байна. “Хагупит” шуурга өчигдрийн байдлаар нэлээд суларч, цагт 120 км/ц хурдтай болсон боловч зарим үед 150 км/ц хүртэл ширүүсч байгаа гэнэ. Филиппинд жил бүр зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд байгалийн хорь орчим томоохон гамшигт үзэгдэл болдог. Тухайлбал, өнгөрсөн онд “Йоланда” нэртэй хар шуурганы уршгаар 6300 хүн амь насаа алдаж, мянга гаруй хүн сураггүй алга болсон аж. Үүнээс гадна тухайн үед дөрвөн сая гаруй хүн толгой хоргодох орон гэргүй болжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)