АНУ-д эсэргүүцлийн жагсаал намжсангүй
- 2014-12-09
- Дэлхий
- 0
Нью-Йорк хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилжээ. Энэ нь Нью-Йорк хотын Тангарагтны шүүхээс “Зургаан хүүхдийн эцэг Эрик Гарнерийг хөнөөсөн цагдааг хэрэгт татахгүй” хэмээн шийдвэрлэсэнтэй холбоотой. Нью-Йоркийн Грэнд Сентрал төмөр замын буудал, Хералд талбайд сүүлийн өдрүүдэд олон зуун жагсагч цугларч, хэвтэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Цагдаад боомилуулж амиа алдсан Эрик Гарнерийн эх ням гаригт ярилцлага өгөхдөө хүүгийнх нь үхэлтэй холбоотой тайван жагсаал үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Чикаго, Лос-Анжелос зэрэг хэд хэдэн хотод үүнтэй төстэй жагсаал цуглаан болсон байна. Иргэд цагдаа нар үндэслэлгүй хүч хэрэглэх, зэвсэггүй иргэдийг саатуулахдаа буудан хороодог зэрэг үйлдэл олноор гаргаж, гол төлөв өнгөт арьст иргэд хохирогч болж байгааг эсэргүүцсэн юм. Энэ төрлийн хэрэг АНУ-д их гардаг боловч цагдаа нарыг шийтгэсэн нь тун ховор аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)