“Эбола тархсан хэвээр” гэв
- 2014-12-11
- Дэлхий
- 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) баруун Африкийн бүс нутагт мэргэжилтнүүд нэлээн хүчин чармайлт гаргаж байгаа боловч эбола вирусийн халдвар тархсан хэвээр байгааг мэдэгджээ. ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чэн “Би Би Си” агентлагт өгсөн ярилцлагадаа сүүлийн саруудад нөхцөл байдал сайжирсан боловч дэлхийн хамтын нийгэмлэг халдварыг дарахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстойг өгүүлжээ. Тэрбээр энэ вирусийн тархалтыг зогсооход саад болж буй нэг хүчин зүйлийн тухай ярьсан аж. Либер, Сьера-Леон, Гвиней зэрэг нөхцөл байдал хамгийн хүнд байгаа орнуудад иргэд нь өвчтөнд тусламж үзүүлж буй эмч нарын ажилд саад хийж, нас барагсдаа буруу оршуулдгийг хэлсэн байна. Тэдгээр орны оршин суугчид зарим тохиолдолд эмнэлгийн ажилтнуудад мөнгө өгч, нас барагсдаа өөрсдөө нууцаар оршуулдаг аж. Улмаар төрөл төрөгсөд нь салах ёс гүйцэтгэхдээ талийгаачийг үнсч, биед нь хүрдгээс халдвар хурдан тархдаг гэнэ. ДЭМБ-аас тараасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд нийт 6300 гаруй хүн энэ өвчний уршгаар нас баржээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)