Гүнждийн үрийг өт хэмээн андуурчээ

     Хэрэглэгч олны танил, 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн “VERDA STELO” компанийн үйлдвэрлэдэг “Sushi” хөнгөн зууш буюу кимбабнаас өт гарсан тухай нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсаар андууран цацжээ. Энэхүү хувь хүний андууран цацсан ташаа мэдээллийг зарим мэдээллийн хэрэгслүүд олны сонорт нягталж хяналгүйгээр хүргэсэн байна. Тодруулбал, хэрэглэгч өөрөө тус кимбабны орцонд байдаг гүнждийн үрийг өт хэмээн андууран цахим хуудаснаа тавьсаныг мэдээллийн хэрэгсэл хянаж нягтлалгүйгээр олонд цацсан хэрэг.

 

      Энэ нь тус компанийн нэр хүндэд халдсан хэрэг болж, уншигч олонд үнэн бодит мэдээлэл хүргэж, залруулга хийхийг хүссэн юм. Тиймээс өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэдэг “Sushi” буюу кимбабны орц найрлагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Sushi”  нь хиам өргөст хэмх, будаа, жигнэсэн лууван, цагаан лууван, амтат тос болон бусад зүйлээс бүрддэг байна. Мөн гүнждийн үрийг найрлагад нь хэрэглэдэг аж.

 

       Гүнждийн үр нь цусан дахь холестериныг богино хугацаанд багасгадаг, аливаа хавдраас урьдчилан сэргийлдэг чухал зүйл байдгийг манай уншигч олон сайн мэдэх байх. Тус үр нь D E C витаминаар баялаг ба фосфор, магни, төмөр, кали, кальцаар баялаг. Гүнждийн үрийн тосыг хүний биеийн хор гадагшлуулагч гэж нэрлэдэг гэхээр уншигч олон андахгүй сайн мэднэ. Харин хэрэглэгч маань үүнийг өттэй андуурсан нь харамсалтай хэрэг. Зураг дээр байгаа кимбабны зурагт гүнждийн үр харагдаж байна. Зэрвэс харахад өт ч юм шиг энэ үрийг л хэрэглэгч маань андуурсан аж.

 

       Тиймээс бид уншигч олноо үнэн бодит мэдээллийг хүргэхийн тулд тус компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй танилцсан юм. Ингээд зогсохгүй хэрэглэгч олноос “Sushi” хэмээх бүтээгдэхүүний тухай мэдээлэл авбал тэд бүгд л ам сайтай байхаас гадна гүнждийн үрийг мэдэхгүй хүн байдаг юм уу хэмээн гайхаж байлаа.

 

      Дашрамд дурдахад “VERDA STELO” компани нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Номин”, “Макс”, “Баясах-Өргөө” болон бусад сүлжээ дэлгүүрээр “Sushi” болон бусад бүтээгдэхүүнээр түгээлт хийдэг байна. Ингээд 24 цагийн дараа түгээлт хийхдээ үлдэгдэл байвал буцаалт хийдэг байна. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд буюу 2005 оноос хойш ямар нэгэн гомдол ирж байгаагүй бөгөөд энэ удаад л андуурал гарсан гэдгийг ч хэлсэн юм.

 

    “Sushi” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “VERDA STELO” компанийнхан аливаа хэрэглэгчдийн тухайн цаг үеийн байдлаас болж үүдсэн андуурлыг хэвлэл мэдээллийн байгууллага тодруулж, эх сурвалжаас нь үнэн бодитой хүргэж байхыг ч давхар сануулсан юм.

 

 

 

Ч.Дорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)