Украины тухай хэлэлцээр эхэлнэ
- 2015-01-05
- Дэлхий
- 0
Украины хямралын тухай хэлэлцэх дөрвөн талт уулзалт Германы нийслэл Берлин хотноо өнөөдөр эхэлнэ. “Норманд формат”-тай хэмээх энэхүү уулзалтад Орос, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нар оролцох юм. Уулзалтын өмнө сайд нар утсаар холбогдож, Украины зүүн өмнөд хэсэг дэх зөрчилдөөнийг зогсоох арга замыг хэлэлцсэн байна. Украиний Ерөнхийлөгч П.Порошенко “Норманд формат”-ын уулзалт Казахстаны нийслэл Астана хотноо нэгдүгээр сарын 15-нд эхэлж болзошгүй тухай мэдэгдсэн боловч Оросын тал үүнийг нь батлаагүй юм. Орос, Украин, Герман, Францын удирдагчид өнгөрсөн оны зургадугаар сард Холбоотны цэргүүд Нормандын эрэгт буусны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр уулзсанаас хойш эдгээр орны эрх баригчдын уулзалтыг “Норманд формат” хэмээн нэрлэх болсон аж. Беларусийн нийслэл Минск хотноо өнгөрсөн оны эцсээр Украины зүүн хэсэг дэх нөхцөл байдлыг хэлэлцэх уулзалт болж, ОХУ, Украин, Луганск, Донецк, ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагa)-ын төлөөлөгчид оролцсон юм. Хэлэлцээрийн явцад сөргөлдөгч талууд дорвитой үр дүнд хүрч чадаагүй ч олзны хүмүүсээ солилцохоор тохиролцсон байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)