А.Гани: Америкчууд Афгинстанд илүү удаан саатаж болзошгүй

 Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ болон эвслийн орнуудын цэргийг хоёр жилийн дараа тус улсын нутгаас гаргах тухай шийдвэрийг эргэн харж болзошгүй тухай мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын “Си Би Эс” телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлсэн байна. Харин Ерөнхийлөгч Б.Обама2016 оны эцэс гэхэд Афганы нутгаас цэргийн албан хаагчдаа бүрэн гаргаж, тус улсын эрх баригчид бие даан аюулгүй байдлаа хангахаар төлөвлөснийг урьд нь мэдэгдсэн билээ. Гэвч өнгөрсөн онд Талибан бүлэглэл улам идэвхжиж, АНУ-ыг ялсан тухайгаа тунхагласан. Талибууд АНУ болон холбоотны цэргийн үлдэгдлийг үлдэн хөөснийхөө дараа жинхэнэ исламын шашны тогтолцоо бий болгох тухайгаа зарласан байна. А.Гани гадны цэргийнхнийг гаргах хугацааг санаж байх хэрэгтэй боловч үүнийг тогтсон номлол мэт ойлгож болохгүй тухай өгүүлжээ. Сэтгүүлч энэ бодлынх нь тухай Б.Обама мэдэж байгаа эсэх талаар асуухад тэрбээр“Ерөнхийлөгч Б.Обама намайг мэднэ. Бид бүх зүйлээ нэгэндээ ярих шаардлагагүй” гэсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама, Афганистаны Төрийн тэргүүн асан Хамид Карзай нар тус улсын нутгаас эвслийн цэргийг гаргах хугацааны талаар санал зөрөлдөж, хоёр орны харилцаа нэг хэсэгтээ муудсан. Афганистанд энхийг сахиулах ажиллагаа 2014 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дууссан боловч тус улсын нутагт гадаадын нийт 13 мянган цэргийн албан хаагч байгаагаас олонхи нь АНУ-ын цэргүүд юм. АНУ-ын тал цэргээ Афганистанд байрлах хугацааг сунгах сонирхолтой байсан нь хоёр тал санал зөрөлдөхөд хүргэжээ.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)