Хятадад хувийн өмчийн онлайн банк нээгдэв

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян өнгөрсөн ням гаригт товчлуур дарснаар хувийн хэвшлийн анхны таван банкны нэг болох “WeBank” цахим сүлжээгээр зээл олгожээ. Хятадын эрх баригчид 2015 онд банкны салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү татна гэсэн бодлогынхоо хүрээнд ийм шинэлэг үйлчилгээ үзүүлэх хувийн банкинд зөвшөөрөл өгсөн байна. “WeBank” нь зөвхөн цахим сүлжээнд ажиллах банк хэлбэрээр ажилласнаар үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах зорилготой. Ийн банкны салбарт өрсөлдөөн нэмэгдсэнээр төрийн мэдлийн томоохон банкуудыг бизнесийнхээ хоцрогдсон загвараас татгалзахад хүргэнэ гэж үздэг. Ли Кэцян “Интернэтэд түшиглэсэн банк Хятадын санхүүгийн салбарын шинэчлэлийн томоохон алхам боллоо” гээд Засгийн газраас хувийн хэвшлийн болон онлайн банк үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдүүлэхэд анхаарна гэдгээ амлажээ. Хятадын Ерөнхий сайдын баталгаажуулсан анхны зээлээр Шэнжэнь муж дахь ачааны тэрэгний жолооч Чу Жунд 35000 юань олгосон байна. Онлайн банкны 450 ажилтны 60 гаруй хувь нь IT технологийн мэргэжилтнүүд бөгөөд тус байгууллагын гол үйлчлүүлэгчид нь иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байх гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)