Тайваний Ерөнхийлөгч асанг хугацаанаас нь өмнө суллажээ
- 2015-01-06
- Дэлхий
- 0
Тайваний Ерөнхийлөгч асан Чэн Шуйбяныг шоронгоос хугацаанаас нь өмнө суллажээ. Чэн Шуйбяныг авлигын хэрэгт буруутгаж, 20 жил хорих ял оноосноос тэрбээр зургаан жилийг нь биеэр эдлээд байв. Гэхдээ одоо 64 настай түүний эрүүл мэндийн байдал муудсаныг харгалзан үлдсэн хугацааг нь тэнсэн харгалзахаар болжээ. Ерөнхийлөгч асаны эрүүл мэндийг сар тутам хянах гэнэ. Чэн Шуйбяныг 2008 онд баривчилж, 2009 онд хөрөнгө завшсан, авлига авсан, 15 сая гаруй ам.долларын мөнгө угаасан хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон юм. Удалгүй Ерөнхийлөгчийн сангаас хөрөнгө завшсан гэх хэргийн ялыг цайруулсан боловч баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж үзсэн байна. Шүүх хурлын явцад тэрбээр өөрийнх нь болон гэр бүлийнхний эсрэг хэрэг үүсгэсэн нь Ерөнхийлөгч Ма Ин Жү тусгай заавар өгсөнтэй холбоотойг мэдэгдэж байж. Энэ нь эх газрын Хятадаас харилцаагаа таслах бодлого явуулж байсных нь төлөө өс хонзон авсан хэрэг хэмээн Чэн Шуйбян үзжээ. Тэрбээр 2000-2008 онд Тайваний Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан юм. Тайвань нь 1949 онд Хятадаас тусгаарласнаас хойш БНХАУ-ын эрх баригчид тус арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн нутгийн нэг хэсэг гэсэн байр суурь баримталж ирсэн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)