Лесли Векснер: Дэлгүүр яг театр шиг байх ёстой
- 2015-01-08
- Дэлхий
- 0

“Victoria’s Secret”, “Pink” , “La Senza” зэрэг дэлхийд алдартай дотуур хувцасны брэндийн эзэн Лесли Векснерийн “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Тэрбээр дэлхийн шилдэг 10 хувцас загварын брэнд үйлдвэрлэгчийн нэг ба дэлхийн топ баячуудыг олон жил тэргүүлсэн байна.
-Та бол дэлхийн топ 10 хувцас загварын брэндийг үндэслэгчийн нэг. Компаниа анх байгуулж хөл дээр нь босгосон өрөөнөөс ярилцлагаа эхлэх үү?
-БиОхайо мужийн Колумбус хотод жижигхэн өрөө түрээсэлж ажлын гараагаа эхэлсэн. Хямдхан түрээсийн байрны хонгилын буланд хогийн савны ойролцоо өрөө минь байсан учраас шуугиан тасардаггүй байлаа. Би өрөөний хаалган дээр “Орохыг хориглоно” гэсэн сануулга нааж байсан. Өрөөнийхөө ханыг ягаан өнгөөр будаж, загвар өмсөгчдийн дотуур хувцастай зургаар чимэглэсэн юм. Хаа сайгүй зургийн харандаа, метр хөглөрсөн жирийн нэг загвар зохион бүтээгчийн өрөө байв. Би “Монополь” тоглох дуртай учраас ажлын ширээн дээр муж, улсуудын газрын зурагтай тоглоом байна. Одоо ч тэр тоглоом миний өрөөнд бий.
-Одоо бол таны өрөөнөөс жирийн гэхээр зүйлс харагдахгүй тансаг ажлын байр болжээ?
-Би тансаг чамин зүйлд дуртай хүүхэд байсан. Тийм ч учраас “Дэлгүүр бол театр шиг байх ёстой” гэсэн зарчим баримталдаг. Ер нь тансаг дэлгүүрийн эзэн болох миний багын мөрөөдөл. “Том болоод театр шиг дэлгүүртэй болно” гэж ярьж гэрээ дэлгүүр болгоод ээжтэйгээ тоглодог хүү байсан.
-Хүүхэд насны мөрөөдөл тань хэзээ биелсэн бэ?
-1963 онд 26 настайдаа авга ахаасаа 5000 ам.доллар зээлж анхны дэлгүүрээ нээж билээ. Тэр үед дэлгүүрийн дохиолол шөнө бүр дуугарч би бүтэн нойртой хонодоггүй байв. Хэдийгээр миний мөрөөдөл биелсэн ч би бодит амьдралаас улам бүр хөндийрч байв. Азтай тохиолдлоор би 30 насандаа саятны эгнээнд багтсан юм. Мөнгө над руу урсах тусам өөртөө сэтгэл ханах мэдрэмж минь үгүй болсон.
-“Victoria’s Secret” брэндийг хүмүүс андахгүй ч Лесли Векснер гэдэг нэрийг тэр бүр мэдэхгүй. Та яагаад Хью Хефнер шиг олны хараанд байхыг хүсдэггүй юм бэ?
-Хүлээн авалт, бизнес хурал бас хэвлэл мэдээллийнхэн миний сонирхол биш. Хааяа нэг хүлээн авалтад оролцохоор “Victoria’s Se-cret компанийг эрэгтэй хүн байгуулсан гэж үү” хэмээн хүмүүс гайхан хүлээж авдаг. Намайг Хью Хефнерийн эсрэг дүр гэж ойлгож болно. Олны дунд байхаас илүүтэй ганцаараа, юм бодох дуртай.
- Таны удирддаг “Victoria’s Secret”, “Pink”, “La Senza” брэндүүд АНУ-ын дотуур хувцасны зах зээлийн 41 хувийг эзэлдэг. Хэдэн арван жилээр үргэлжилсэн таны амжилтын нууц юу вэ?
-Би хэзээ ч өөртөө сэтгэл ханаж байгаагүй. Магадгүй энэ зан минь надад амжилт авчирсан байх. Би аливаа зүйлийг нухацтай бодож шийдвэр гаргадаг. Гэхдээ 1998-2007 онд “The Limited”, “Limited Too”, “Abercrombie & Fitch”, “Express”, “Lane Bryant” болон “Lerner NewYork” брэндийн үйлдвэрүүдээ худалдсан юм. Тэр үед “Victoria’s Secret”-ийг авч үлдсэндээ баярладаг. Ер нь бол би жилийн орлогын тоонд ач холбогдол өгдөггүй.
-Хуульч хүн дотуур хувцасны салбарт өрсөлдөж тэргүүлэх байр суурийг олж авах амаргүй байв уу?
-Манайх үе дамжсан дотуур хувцасны дэлгүүртэй байсан нь миний ирээдүйд нөлөөлсөн. Би 1959 онд Охайогийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Тэр зун аав томилолтоор гадаад явж гэр бүлийн бизнесээ авч явах ажил түр хугацаар надад оногдсон юм. Гэр бүлийнхэн маань өдөр шөнөгүй ажилладаг ч хоног төөрүүлэх хэмжээний ашиг олдог байв. Би энэ байдлыг өөрчлөхийг хүсч дэлгүүртээ дотуур хувцаснаас хэд дахин үнэтэй даашинз, пальтог борлуулахаа больсон юм. Ингэснээр дэлгүүрийн орлого өссөн шүү. Дотуур хувцасны салбарт тэргүүлэгч болоход мэргэжил хамаагүй гэж бодож байна. Би 1960-1970-аад оны үед долоо хоногт 90 цаг ажиллаж, бусад зүйлд сатаарах завгүй хөдөлмөрлөсөн.
-Таныг жилд 100 ном уншдаг гэсэн. Ямар төрлийн ном сонгож уншдаг вэ?
-Чөлөөт цаг гарвал Жорж Вашингтон, Томас Жефферсон, Жон Рокфеллер зэрэг Америкийн домог болсон хүмүүсийн намтрыг уншдаг. Жорж Вашингтон бол АНУ-ыг бүтээсэн хүн учраас намтрыг нь үргэлж уншдаг.
-Таныг Пикассогийн зургийн хамгийн алдартай цуглуулагч гэж сонссон?
-Би уран зурагт дуртай. Пикассо, “Феррари” хоёрт хайртай учраас цуглуулдаг. Надад Пикассогийн олон зураг бий. Харин “Феррари”-гийн тухайд бол 1950-1960 онд худалдаанд гарсан загвар бүрээс улаан өнгийг нь худалдаж авсан. Нийт 100 гаруй “Феррари” машины цуглуулгатай.
-“Victoria’s Secret” брэнд дэлхийг эзлэх болно гэж та хэлсэн байдаг. Гадаад зах зээлээ яагаад Лондон хотоос эхэлдэг юм бэ?
-Манай брэнд анхны салбар дэлгүүрээ 2012 онд Лондон хотод нээсэн. Одоо бол дэлхийд салбарласан 600 дэлгүүртэй. Лондон дахь дэлгүүрүүд манай салбаруудаас хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь. Тийм учраас гадаадад хийсэн анхны загварын шоугаа энэ хотоос эхэлсэн юм.
-Таны бодлоор жинхэнэ дотуур хувцасны дэлгүүр ямар байх ёстой вэ?
-Үнэндээ би жинхэнэ дотуур хувцасны дэлгүүрт одоо болтол орж үзээгүй байна.
-Юу таныг хамгийн их айлгадаг вэ?
-Би бодит байдлыг буруу дүгнэхээс бас хийж бүтээх шинэ санаа төрөхгүй болох вий гэхээс айдаг.
-Таны нас 70 хол давлаа. Тэтгэвэртээ гарах бодол төрдөг үү?
-Эхнэр маань арван жилийн өмнө намайг “Тэтгэвэртээ гар” гэсэн. Гэхдээ би тэтгэвэрт гарахад эрт байна. Миний дөрвөн хүүхдийн ууган нь их сургуулиа төгсөөгүй. Энэ хооронд би компаниа удирдах хэрэгтэй биз дээ. Дахиад арван жилийн дараа тэтгэвэрт гарах талаар бодож эхлэх байх.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)