Умард Солонгос цөмийн дайны төлөвлөгөөгөө баталжээ

 

Умард Солонгосын эрх баригчид Өмнөдийн нутагт халдан довтлох шинэ төлөвлөгөө баталсан тухай Өмнөд Солонгосын“Korea JoongAng Daily” сонинд нийтэлжээ. Сонинд өгүүлснээр Өмнөдийн тал АНУ-ын дэмжлэгтэйгээр эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд Умардын зэвсэгт хүчин шинэ төлөвлөгөөний дагуу долоо хоногийн дотор газар нутгийг бүрэн эзлэн авах ёстой гэнэ. Төлөвлөгөө ёсоор БНАСАУ-ын тал шаардлагатай үед өөрийн зохих боломжууд, тухайлбал цөмийн зэвсэг ашиглах аж. Танк, артиллери, нисэх онгоц зэрэг ердийн зэвсэглэлээс гадна тусгай анги нэгтгэлүүдийг ашиглахаар төлөвлөгөөнд туссан бөгөөд эдгээр нэгтгэлийн бие бүрэлдэхүүнийг80 мянга байсныг 200 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Байлдааны ажиллагааны төлөвлөгөөг 2012 онд буюу залуу удирдагч Ким Чен Уныг засгийн эрхэнд гарснаас нэг жилийн дараа боловсруулж, дайны бэлтгэлийг 2013 оны сүүлчээр дуусгахаар тусгасан боловч дараа нь нэг жилээр хойшлуулж, 2014 оныг “Эргэн нэгдэхийн төлөө их дайны жил” болгон зарлажээ. АНУ-ын цэрэг Ирак, Афганистанд дайтсан туршлагыг шинэ төлөвлөгөөнд тусгажээ. “БНАСАУ удаан үргэлжлэх дайнд ялах боломжгүй гэдгийг харгалзан байлдааны ажиллагааг маш түргэн дуусгахын тулд цөмийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөсөн. Энэ нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарах боловч цорын ганц боломж” хэмээн сонины сэтгүүлч тусгай албаны эх сурвалжийг эшэлжээ. Умард Солонгосын тал 2012 онд 18 удаа пуужин харваж туршиж, 2013 оны хоёрдугаар сард гурав дахь удаагаа цөмийн зэвсгийн туршсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)