2015 он нэмэлт нэг секундтэй
- 2015-01-13
- Дэлхий
- 0
Энэ оны зургадугаар сарын 30-ны яг 23:59:59 цагт дэлхийн атомын бүх цаг нэг секунд зогсоно. Өөрөөр хэлбэл, 23:59:60 гэж тоологдсоны дараа 2015 оны 7 дугаар сарын 1-ний 00:00:00 цагт шилжинэ. 2015 он нэмэлт нэг секундтэй байхыг Парисын Одон орон судлалын төв энэ долоо хоногт мэдэгдсэн юм. Одон орны цагийн этгээд үзэгдэл буюу дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтийн удаашралын дүнд үүсэх энэ нэмэлт нэг секундийг дэлхийн цагт нэмж тохируулж байгаа аж. Энэ нь компьютерын инженерүүдийн хувьд амаргүй ажил юм. Хамгийн анх 1972 онд нэг секунд нэмэгдсэнээс хойш энэ удаагийнх 26 дахь нь болж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдсээр байх төлөвтэй байгаа гэнэ. Газар хөдлөлт, далайн татлага түрлэг, цаг агаарын байдал гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлс дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтэд нөлөөлдгөөс нэмэлт секунд бий болдог тул ажиглалт хийж, цаг тухайд нь зарлаж байх нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөнийг судлах олон улсын байгууллагын эрдэмтэн судлаачдын хувьд чухал ажил юм. Харамсалтай нь, 2012 онд хамгийн сүүлд нэмэлт секундийг нэмэхэд, хэд хэдэн бүс цагаа гүйцэхгүй, бэрхшээл тулгарч байжээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)