Исламын шашин иргэдийг талцуулах шалтаг болов

Исламын шашин Германы нийгмийг хуваажээ. Гэхдээ тодорхой хэлбэл исламын шашин биш Германд уг шашныг шүтдэг хүмүүст хэрхэн хандах тухай байр суурь тэднийг хуваасан юм. Герман улс нийт 81 сая хүн амтайгаас дөрвөн сая нь исламын шашин шүтдэг. Парист болсон халдлагын дараа Германд өнгөрсөн даваа гаригт тус улсыг исламчлахыг эсэргүүцсэн болон исламын шашинтнуудад хүлээцтэй хандахын төлөө хөдөлгөөнүүд аль аль нь жагсаал, цулаан зохион байгуулжээ. Германыг исламчлахын эсрэг ПЕГИДА (“Эх оронч европчууд барууныг исламчлахын эсрэг”) нэртэй хөдөлгөөний зохион байгуулсан жагсаалд 25 мянган хүн оролцсон урьд өмнөх цуглаануудаас хамгийн олныг хамарсан нь болсон. Энэ хөдөлгөөнийнхөн цагаачлалын тухай хууль тогтоомжийг чангатгахыг шаарддаг бөгөөд сүүлийн үед долоо хоног бүрийн даваа гаригт жагсаал зохион байгуулах болсон. Саксони мужид болсон өмнөх жагсаалд 18 мянган хүн оролцсон. Оролцогсдынх нь тоо ийн өссөн нь Парист болсон халдлагатай холбоотой. 
 

Жагсаалд оролцогсод гартаа хар өнгийн даавуу боож, “Исламчлалтай тэмцэж, гадаадынхны урсгалыг зогсоо”, “Олон янзын соёлын хэв маягийг зогсоо”, “Миний эх орон Герман хэвээрээ” гэсэн уриа бүхий зурагт хуудас барьсан байв. PEGIDA - ийн идэвхтнүүд өнгөрсөн долоо хоногт Парис хотноо болсон халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссон байна. Жагсагчдын нэг хэсэг “Намайг Шарли гэдэг”, “Тэд бидний эрх чөлөөг үгүй хийж чадахгүй” гэсэн бичиг барьж, амь үрэгдсэн сэтгүүлчидтэй эв санаа нэгтэй гэдгээ илэрхийлсэн аж. Исламын эсрэг жагсаалд оролцогсдын тоо энэ хөдөлгөөний эсрэг, Германд нэг нэгэндээ хүлээцтэй хандахыг уриалан Дрезден хотын гудамжинд гарсан 100 мянган хүний тоотой харьцуулахад бага боловч дэмжигчдийн тоо өсч буйг үгүйсгэх аргагүй юм. Германы олон хотод хоёр өөр зорилготой хөдөлгөөнийг дэмжигчид жагссан. Тухайлбал, Бавари мужийн төв Мюнхен хотноо исламын шашинтнуудыг дэмсэн жагсаалд 1/8 мянган хүн оролцсон бол исламчлалыг эсэргүүцсэн жагсаалд 1500 хүн оролцсон байна. Үүнтэй холбоотойгоор Германы канцлер А.Меркель “Ислам бол Германы нэг хэсэг” хэмээн мэдэгдэж, лхагва гаригт Берлин дэх исламын шашинтнуудаас экстремист үзлийн эсрэг зохион байгуулах цуглаанд оролцоно гэдгээ хэлсэн байна. Германд исламын шашинтуудад хүлээцтэй хандахыг дэмжигчид иргэдийн дунд одоогоор олонхи байгаа боловч Парист болсон шиг үйл явдлууд ПЕГИДА хөдөлгөөн болон түүнтэй холбоотой барууны намуудыг дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх нь гарцаагүй. 
 

Тухайлбал, Германы сонголт намын тэргүүн ПЕГИДА хөдөлгөөнийхнийг намын эгнээнд элсүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. ПЕГИДА нь Германыг исламчлахыг эсэргүүцэхээс гадна барууны орнуудад тогтсон өнөөгийн дэг жаяг, хэвлэлийн бодлого зэрэг олон талыг нь эсэргүүцэж, тэдгээрийг “Худал хуурмаг” хэмээн нэрлэдэг. Энэ хөдөлгөөнийг исламын эсрэг хэнээтнүүд хэмээн барууны хэвлэлүүд цоллодог боловч “Эрх баригчид өөрсдийн эрх ашгийг төлөөлөхгүй байна” гэсэн байр суурьтай олон янзын эрх ашиг төлөөлсөн иргэд нэгджээ. Тухайлбал, жагсаалд оролцсон нэг эмэгтэй гартаа “Намайг Донбасс гэдэг” (“Je Suis Donbass”) бичиг барьсан байжээ. Тэрбээр “Эрх баригчид исламыг ард иргэдээ хавчин шахах бодлогын хэрэглүүр болгодог. Тухайлбал, одоо тэд германчуудыг өөрсдийнх нь жинхэнэ холбоотон болох оросуудын эсрэг болгож байна” хэмээн “Wall Street Journal”-ын сэтгүүлчид өгүүлсэн аж. Сүүлийн үед ПЕГИДА хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо хурдан өсч байгааг судалгаанууд харуулжээ. Тухайлбал, “Infratest-Dimap байгууллагыг хийсэн судалгаанаас үзэхэд ПЕГИДА-г германчуудын 21 хувь дэмжсэнээс хуучин зүүн Германы нутагт оршин суугчдын дунд исламчлал цагаачлалын эсрэг байр суурьтай иргэд 31, баруун мужуудад 19 хувьтай гарчээ. Гэтэл “Bertelsmann Foundationpoll”- аас энэ сарын 8-ны өдөр нийтэлсэн судалгааны дүнгээс үзэхэд ХБНГУ-ын исламын шашин шүтдэггүй иргэдийн 53 хувь исламын шашныг аюул гэж үзсэн бол 2012 онд энэ үзүүлэлт 53 хувьтай байсан гэнэ. Түүнчлэн тэдний 61 хувь исламын шашин нь барууны амьдралын хэв маягтай тохирохгүй гэж үзсэн байна. 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (76.170.126.187)

    2015-01-15

    ooroo oorsdiinxoo gert l uy xussenee xiix xeregtei, xunii gert orchixood ta nar islamiig demjsengui geed baix ni ineedtei, laliin ali neg ulsad ochood ta nar xristiig shut geed baibal yax be