Ухаалаг зурагт эздийнхээ яриаг “тагнадаг”
- 2015-02-11
- Дэлхий
- 0

“Самсунг” компани интернэтэд холбогдсон ухаалаг телевизорынхоо хажууд байхдаа хувийн нууцаа ярихгүй байхыг хэрэглэгчдэдээ сануулжээ. Энэхүү сануулга нь “Samsung Smart TV”-ээ алсын удирдлагын оронд дуу хоолойгоороо удирддаг хэрэглэгчдэд хамааралтай гэнэ. Энэхүү загварын зурагт эргэн тойронд нь ярилцаж буй хүмүүсийн яриаг“Самсунг” компани болон холбогдох байгууллагуудад дамжуулдаг байна. “Samsung Smart TV” –ын зааварт өгүүлснээр зурагт орчин тойронд нь байгаа хүмүүсийн яриаг чагнаж, хэрэглэгч команд өгч байна уу, эсвэл асуулт тавьж байна уу гэдгийг ялгадаг аж. Үүний тулд орчинд нь ярьж буй хүмүүсийн яриаг тусгай серверт илгээж, хүссэн мэдээлэл, үзвэрийг нь гаргаж өгөхдөө ашигладгийг “Самсунг”-ийн тайлбарт өгүүлжээ. Их Британийн нэгэн програмист 2013 онд “LG” маркийн телевизор нь түүний ямар хөтөлбөр үздэг тухай мэдээллийг цуглуулж, цааш илгээдгийг илрүүлсний дараа энэ тухай дуулиан дэгдсэн. Үүний дараа “LG” компани өөрийн “Smart TV”-ийн програмыг шинэчилж, мэдээлэл цуглуулах функцыг хэрэглэгч өөрөө унтраах боломжтой болгон өөрчилсөн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)